Тээврийн прокурорын газраас зам, тээврийн осол жилээс жилд өссөнийг онцлохоос гадна хүүхэд замын осолд өртөж, бүр амиа алдсан хэрэг дорвитой буурахгүй байгааг судалж тогтоожээ.
Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт хүүхэд зам тээврийн осолд орж, бэртсэн, гэмтсэн талаарх мэдээллийг бэлтгэж, сэрэмжлүүлэг хүргэж байна. 2021 оны тоог харъя. Тус онд улсын хэмжээнд 183 хүүхэд замын осолд орсон аж. Гэмтсэн хүүхдүүдийн 53 нь явганаар, тэр дундаа 22 нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцжээ. Түүнчлэн хохирогчдын тав нь гурав хүртэлх, 18 нь 3-5 хүртэлх, 50 нь 6-9 хүртэлх, 52 нь 10-13 хүртэлх, 58 нь 14-17 настай хүүхэд байсан аж. Мөн өнгөрсөн жил зам тээврийн ноцтой ослын улмаас 51 хүүхэд амиа алдсаны 11 тохиолдол нь нийслэлд гарчээ. Хүүхдүүд зун, намрын улиралд зам тээврийн осолд хамгийн ихээр өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Ялангуяа, намар цэцэрлэг, сургуулийн эргэн тойронд, гэрийнхээ ойролцоо машинд дайруулах нь олонтаа. Нийт ослын 68.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. Мөн 31.3 хувь нь хүүхдийн буруу байсан гэх тоо мэдээлэл ч бий.
Жолооч нарын гаргадаг буруутай үйлдлээс дурдвал тэд явган хүний гарц руу дөхсөн ч хурд хасдаггүй, хүүхдэд зам тавьж өгдөггүй байна. Мөн согтуу жолоочийн харгайгаар хүүхдүүд цөөнгүй бэртжээ. Улмаар улаан гэрлээр зогсохгүй, галзуу юм шиг давхидаг нь авто осол гаргахад шууд нөлөөлдгөөс гадна жолооч нар хороолол дотор зорчихдоо явган зорчигчдод зам тавьж өгдөггүй гэнэ.
Эсрэгээрээ хүүхдүүд гарцтай газраар гардаггүй, машины урдуур гэнэт гүйх нь ихээхэн эрсдэл дагуулдаг байна. Бас нэг зүйлийг анхааруулахад бага насны хүүхдүүд ихэвчлэн ганцаараа явж байхдаа осолд ордог нь судалгаагаар тогтоогджээ.
Уг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” хэмээн заасан байдаг. Гэвч томчууд хайнга хандаж, хүүхдээ ганцааранг нь хичээлд нь явуулж, замын хөдөлгөөнд оролцуулдаг байна.
Прокурорын байгууллагаас жилээс жилд тээврийн хэрэгслийн тоо өсөж буйтай холбогдуулан дараах зөвлөмжийг өгсөн. Тодорхой хэлбэл, хүүхэд, багачуудад бага наснаас нь замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хүмүүжил, соёлд суралцуулах сургалтын хөтөлбөрийг сургууль, цэцэрлэгийн шатанд хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн билээ.