НҮБ-аас хоёр жил тутамд цахим засаглалын хөгжлийн индексийг шинэчлэн гаргадаг байна. Тус байгууллагын гишүүн 190 гаруй орныг оролцуулан тооцдог уг индексээр манай улс 2020 онд 92 дугаар байрт жагсжээ. Харин энэ онд 74 дүгээрт бичигдэж, 18 байр урагшилсан байна. Хөндлөнгийн багийнхан нэг жил гаруйн хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр уг индексийг тооцдог аж. Ингэхдээ улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний нөхцөл байдал, иргэдийн цахим орчны оролцоо, хууль, эрх зүйн орчин зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг байна. Манай улс энэ жил 18 байраар урагшилсан нь “E-Mongolia” системийг нэвтрүүлсэнтэй холбоотой гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас онцлов.