Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах талаар Хотын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.Тэрбээр, "Түгжрэл бууруулах ерөнхий аргачлал нь нийтийн тээврийг хүртээмжтэй болгох юм. 2009 онд С.Баярын засгийн газрын үед 400 автобус авсан байна. 13 жилийн тэртээд парк шинэчлэлт хийсэн байна. Одоо нийт автобусны 75 хувийнх нь насжилт арваас дээш жил болсон байна. 576 автобус ашиглалтаас гарахаар хүндрэл үүснэ. Хоногт 2 сая 800 мянган хөдөлгөөн хийж буйн 1 сая 800 мянга нь хувийн машин байна. 685 мянга нь нийтийн тээврээр, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Бид хувийн машинаар зорчих хөдөлгөөнийг 1 сая 500 мянга болгоё. Нийтийн тээврээр зорчигчдыг 1 саяд хүргэе. Явган зорчигчдыг 64 хувиар нэмэгдүүлье хэмээн төлөвлөж байна. Парк шинэчлэлийг гүйцээхэд засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө. Үүнд төр, хувийн хэвшилийн бүх байгуулга хамрагдах боломжтой.
Их хотын соёл, замын хөдөлгөөний соёлд хандлагын өөрчлөлт гаргах соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна. Засгийн газрын хуралдаанаас өгөгдсөн бас нэг чиглэл нь төрийн байгууллага болгон өөрсдөө түгжрэлийн эсрэг ажиллах ёстой гэсэн. Үндэсний хороонд энэ талаарх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг дэмжсэн. Энэ дагуу зарим ажил нийслэлийн байгууллагад хийгдэж эхэлсэн. Тухайлбал хүүхдээ хүргэж өгдөг албан хаагчдаа бүртгээд тэдэнтэй ярилцаж ажлын цагийг уян хатан болгон зохицуулж байна. Ойрын хугацааны түгжрэлтэй холбоотой асуудлуудыг ажлын төлөвлөгөөний хүрээнд хийнэ" гэлээ.