Дэлхий даяар “Ковид-19”-ийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт буурч, 2020 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд хүрсэн бөгөөд цар тахал ойрын ирээдүйд дуусах бололтой гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдлээ. “Цар тахал зогсохоор сайн нөхцөлд бид хэзээ ч байгаагүй. Гэсэн ч төгсгөлийг нь төсөөлж болохоор болжээ” гэж тэрбээр Швейцарын Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Тедрос Аданом Гебрейесус цар тахлын эсрэг тэмцлийг марафон гүйлттэй зүйрлэн “Бид барианы шугамыг харж байна. Гэхдээ одоо гүйлтээ зогсоох нь хамгийн муу зүйлд тооцогдоно” хэмээн онцолжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан халдвар тархалтын эсрэг нэмэлт хүчин чармайлт гаргахыг уриалав. Бас “Хэрэв бид энэ боломжийг яг одоо ашиглахгүй бол коронавирусийн илүү олон хувилбар илэрч, нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүй” гэжээ. Бүх улс хамгийн эрсдэлтэй бүлэг, тэр дундаа эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудаа бүрэн вакцинжуулахыг мөн уриалав. Энэ нь ДЭМБ-аас дэвшүүлсэн, бүх улсын хүн амын 70-аас доошгүй хувийг вакцинд хамруулах нэн тэргүүний зорилт юм. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 3.1 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 11 000 орчим иргэн нас барсан тухай ДЭМБ-ын мэдээлэлд дурджээ. Өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад халдварын тохиолдол 28, нас барсан хүний тоо 22 хувиар буурсан байна. Энэ сарын 13-ны байдлаар ДЭМБ-д ирсэн мэдээллээс үзвэл цар тахал дэгдэж эхэлснээс хойш манай гарагт 606 459 140 хүн коронавирусийн халдвар авснаас 6 495 110 нь нас баржээ.