Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильям хатан хаан II Элизабетыг таалал төгссөний дараа Уэльсийн хунтайж цол хүртмэгцээ тэрбумтан болсон тухай “Daily star” сонинд бичжээ. Өнгөрсөн долоо хоногт 34 сая фунт стерлингээр (40 сая ам.доллар) хэмжигдэж байсан хөрөнгө нь түүнийг шинэ цол, хэргэм, газартай болсны дараа 1.1 тэрбум фунт стерлинг (1.3 тэрбум ам.доллар) хүрч өссөн байна. Хунтайж Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар Кембрижийн гүн, гүнгийн хатан гэсэн өмнөх цолоос гадна Корнуоллын гүн, гүнгийн хатан, Уэльсийн хунтайж, гүнж хэмээгдэх болжээ. Уэльсийн гүнж цол нь 1997 онд Диана гүнж таалал төгссөнөөс хойш эзэнгүй байсан аж. Ийм цолтой болсноор Уильямын гэр бүл Англи, Уэльст бараг 52 000 га газар эзэмших эрхтэй болсон аж. Британийн хаант засаглалын уламжлалд Уэльсийн хунтайж цолыг хаан ширээ залгамжлагч эзэмшдэг байхаар заасан байдаг. Хатан хааны ууган хүү хунтайж Чарльз ээжийгээ таалал төгссөний дараа хаанаар өргөмжлөгдсөн учир Уильямд Уэльсийн хунтайж цол олгожээ. Үүний сацуу хунтайж Уильям Шотландын цол, хэргэмүүд, тэр дундаа Ротсейн (Шотландын хот) гүн болсон байна.