Баруун гараас: Сильвио Берлускони, Жоржа Мелони
40 настай Анна Мария бүсгүй Ром хотын зах дээр улаан лооль, өргөст хэмх зарж амь зууна. Лангуунд нь дугаарласан олны дотор өвөөгийнхөө гараас барьж зогсох бяцхан охиныг Итали улсынхаа Ерөнхий сайд болох юм гэж хэрхэн төсөөлөх билээ. Энэ охин өнөөдөр Италийн улс төрийн удирдагчдын нэг болоод байна. Анна Мариягийн худалдаа хийдэг зах Ром хотын урд талд байдаг, эртнээс зүүнтнүүдийн түшиц газар юм. Тийм болохоор одоо энэ сарын сүүлчээр болох Парламентын сонгуульд нам нь ялж, өөрөө Бенито Муссолинигийн дараа Италийн хэт барууны үзэлт анхны Ерөнхий сайд болох тун их магадлалтай баруунтны улстөрч өсөн бойжсон гэхэд ихээхэн хачирхалтай билээ. “Би фашизмыг эсэргүүцдэг, хэрэв Жоржа Мелони засгийн эрхэнд гарвал цөвүүн цаг ирэх нь тэр” хэмээн дээрх зах дээр ажилладаг хижээл насны эмэгтэй хэлж байх юм.
Үнэндээ 45 настай Мелонигийн тэргүүлж буй “Италийн ахан дүүс” нам олон түмний санал асуулгаар хошуучилж яваа аж. 2012 онд үүсэн бий болсон энэ нам Муссолинигийн фашизмын үлдэгдэл дээр соёолсон Италийн олон хөдөлгөөнөөс эх үүсвэртэй юм байна. Тус нам Муссолинигийн шарил дээр ассан гал хэмээн италичуудын үздэг гурван өнгөт далбааг сүр сүлдээ болгож авчээ. “Өөрийнх нь хувь хүний нэг хэсэг хаашаа ч зайлах аргагүй залуу нас нь холбоотой учраас Жоржа Мелони энэ билэг тэмдгээс салахыг хүсэхгүй байна” хэмээн Ромын их сургуулийн профессор Сапиенца Пассарелли үзэж байгаа аж. Түүний бодлоор бол Мелонигийн нам хараахан фашист биш ч, түүн дотор шинэ фашист хөдөлгөөнтэй холбоотой жигүүр байгаа гэнэ. Мелонигийн залуу нас яалт ч үгүй хэт барууны үзэлтнүүдтэй их ойр байжээ. Эгэл ардын дундаас гаралтай итали эмэгтэйн амьдралын цааших зам мөрийг нь энэ үзэл бодол заасан гэлтэй.
Жоржа Мелони нийслэл Ром хотод төржээ. Дөнгөж нэг ой хүрч байхад нь эцэг Франческо нь гэр бүлээ орхин Канарын арал руу явчихав. Тэрбээр зүүний үзэлтэй хүн байжээ. Эх нь харин баруунтан байснаас Мелони багад нь хаяж явсан эцэгтээ өширхөж улс төрийн сонголтоо хийсэн гэсэн таамаг дэвшүүлэхэд хүрсэн байдаг. 15 настайдаа Мелони шинэ фашист олон нийтийн хөдөлгөөний нэг жигүүр болох “Залуусын фронт” гэгчид элсэж, хожим нь уг хөдөлгөөний оюутны салбарыг тэргүүлэх болов. Мелонигоос арван насаар ах Марко Марсилио гэдэг хүн 1992 оноос түүний дотны нөхөр, улс төрийн холбоотон болжээ. “Ямагт ажил хэрэгч, шийдмэг байдлыг энэ гоолиг бүсгүй оюутан байхын л бусдаас онцгой, оюутнууд жагсаал цуглаан хийж байхад түүнээс микрофон булааж авч хэн ч зүрхэлдэггүй байсан” гэж энэхүү Марсилио ярьж байна. Тэд олон жил гэр бүлийн баяр тэмдэглэж, маргаан мэтгэлцээн, үдэшлэг уулзалтад хамт оролцож явжээ. Энэ хугацаанд Мелони өөртөө улам бүр итгэлтэй болоод байгаа нь Марсилиод анзаарагдах болсон аж.
2008 онд 31 настайд нь Мелониг Залуучууд, спортын сайдаар томилов. Ерөнхий сайд Сильвио Берлускони ийнхүү Засгийн газартаа хамгийн залуу сайдтай болсон байна. Залуу сайд 2012 онд өөрийн гэсэн нам байгуулж, 2018 оны сонгуульд “Италийн ахан дүүс” нь ердөө дөрвөн хувийн санал авлаа. Тэгвэл өнөөдөр тус нам олон түмний санал асуулгаар 25 хувийн дэмжлэг хүлээж, Берлусконигийн баруунтан, Дотоод хэргийн сайд асан Маттео Сальвинигийн хэт барууны “Лига” намтай эвсвэл энэ сард болох сонгуульд ялах бүх боломж түүнд байна гэж Өрнөдийн хэвлэлд бичих болжээ.
“Италийн ахан дүүс” нам одоогийн Засгийн газрынхаа Украины талыг баримталсан бодлогыг шийдвэртэй дэмжиж буй ч Мелонигийн хатуу консерватив бодлого олон хүний сэтгэлийг түгшээж байна. Мелониг профессор Пассарелли Унгар, Францын үндэсний үзэлт улстөрчидтэй нэгэн зиндаанд тавьж, түүнийг ардчилалд аюул учруулахгүй, харин Европын холбоонд бол гэмтэй гэсэн байр суурьтай байгаа юм. “Тэрбээр Францын Марин Ле Пен, Унгарын Виктор Орбантай адил үзэл бодолтой, европчуудын эв нэгдлийг бутаргахад Итали улс Путинд ашиглуулж болзошгүй, ийм маягаар Европын холбоог сулруулах боломжийг түүнд олгох вий” гэж мөнөөх профессор Пассарелли сэрэмжлүүлж байна.
Мелони одоо Италийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болох итгэл найдвараа хүйстэйгээ ихээхэн холбож үзэж байгаа бололтой. Профессор Пассарелли “Итали айлд ээж голлох үүрэгтэй байдаг юм. Энэ хүн гал тогоог хяналтдаа байлгадаг. Мелони ч үүнийг ухаалгаар ашиглаж байгаа” гэж ярьж байна.
Сонгуульд Мелони ялбал анх утасдахдаа юу гэж хэлэх вэ гэж хамтран зүтгэгчээс нь асуухад “Ажилла! Бид үүнийг л хүлээж байсан юм. Одоо харуулах цаг болсон” гэж хэлнэ хэмээн хариулжээ.
Жоржа Мелони Ром хотын ядуу хороололд төрж өсөөд Америго Веспуччийн нэрэмжит дээд сургуульд сурч хэл шинжлэлийн салбарын мэргэжилтэн болсон байна. 15 настайдаа байгуулсан оюутны хөдөлгөөн нь “Өвөг” гэсэн нэртэй, Боловсролын сайдын бодож олсон сургуульд өөрчлөлт хийх төслийн эсрэг тэмцлийг зорилгоо болгосон байв. 1996 онд “Оюутны үйл хэрэг” байгууллагыг толгойлох болж, 1998 онд Ром мужийн Зөвлөлд сонгогдон, Соёл, сургууль, залуучуудын бодлого эрхэлдэг комисст нь 2003 он хүртэл ажиллав. 2004 онд “Залуучуудын үйл хэрэг” намын залуучуудын байгууллагын Удирдах үндэсний хорооны их хурлаас Мелониг уг байгууллагын тэргүүнээр сонголоо. 2006-2008 онд Депутатуудын танхимын Үндэсний холбоо фракцын, 2008-2011 онд “Эрх чөлөөт ард түмэн” жигүүрт багтаж байв. Энэ хугацаанд 2006-2008 онд Депутатуудын танхимын орлогч даргаар ажиллаж, Харилцаа холбоо, гадаад мэдээллийн хороог тэргүүлж байлаа.
Мелони 2012 онд “Эрх чөлөөт ард түмэн”-ээс гарч нөхөдтэйгөө хамтран “Италийн ахан дүүс” намаа байгууллаа. 2013 онд болсон Парламентын сонгуулийн дараа Доод танхимд нь сонгогдов. 2014 оны хавраас Италийн баруун төвийн хүчний удирдагчийнх нь хувьд Сильвио Берлускониг залгамжлах хүмүүсийн тоонд хэвлэлүүд түүнийг оруулах болжээ. Намар нь олны сонорт хүргэсэн санал асуулгын дүнгээр Мелонигийн рейтинг тухайн үеийн Ерөнхий сайд Маттео Ренцийн дараа орсон байлаа. Баруун төвийн бүх хүчийг нэгдэхийг уриалсан “Манай газар шороо-Италичууд Жоржа Мелонитэй хамт” нэртэй хөдөлгөөн байгуулагдсаныг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд зарлав.
Ром хотын захирагчийн сонгуульд оролцох бодолтойгоо Жоржа Мелони 2016 оны гуравдугаар сард мэдэгдлээ. Ийм шийдвэрт хүрснээр баруун төвийн лагерийг хагаралдуулж орхив. Тэгээд ч Сильвио Берлусконигийн “Урагшаа, Итали” нам энэ сонгуульд өөр хүний нэрийг дэвшүүлчихсэн байв. 2016 оны зургадугаар сарын 5-нд дүн гарахад Мелони 20.45 хувийн санал авч, Депутатуудын танхимын дарга, Таван од хөдөлгөөний нэр дэвшигч хоёрын ард орсон байлаа.
2018 оны гуравдугаар сарын 4-нд болсон Парламентын сонгуульд “Италийн ахан дүүс” баруун төвийн эвслийн бүрэлдэхүүнд багтан оролцож харьцангуй олонхын санал авчээ. Харин улс төрийн нэг хүчин дангаар олонх болоогүйгээс шинэ Засгийн газар эмхлэн байгуулах үйл явц нэлээд сунжрав. Арай гэж нэг юм кабинет бүрдүүлтэл түүний дотор Европт таагүй ханддаг Паоло Савон багтсанаас намууд тохиролцсон Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч Маттарелла батламжлахаас татгалзав.
...Жоржа Мелони 2016 оны есдүгээр сард охин төрүүлж, Жиневра гэсэн нэр өгчээ. 2019 оны есдүгээр сард сэтгүүлчтэй ярилцахдаа үл таних эрэгтэй хүн хэдэн сарын турш өөрийг нь мөрдөөд байна гэж Мелони хэлсэн байна. Тэр хүн өөрийгөө охиных нь эцэг гэж хэлсэн аж. Түүнийг баривчилж, гэрийн хорионд оруулсан гэдэг.