"ЗУРА 2: Цурам ажиллагаа" киноны нээлт өнөөдөр бүх кино театруудад нэгэн зэрэг болох байв. Гэвч давагдашгүй хүчин зүйлийн улмаас киноныхоо нээлтийг бүх кино театруудад зэрэг хийж амжихгүй болжээ. “Фантастик” продакшн энэ талаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд Corporate convention center-т "ЗУРА 2: Цурам ажиллагаа" киноны нээлт болно. Урилга авсан бүх хүн цагтаа хүрэлцэн ирээрэй. Маргааш буюу есдүгээр сарын 10.00 цагаас бүх кино театруудаар гарна. Үзэгчид болон кино театруудаасаа хүлцэл өчье” хэмээжээ. Мөн тус продакшн өөрсдөө шууд дамжуулалт хийж, үзэгчдээс хүлцэл өчсөн юм. Unuudur.mn мэдээллийн сайт “Өргөө” кино театрын маркетингийн албаны захирал А.Ринчиннямаас "ЗУРА 2: Цурам ажиллагаа" киноны нээлт яагаад хойшилсон талаар болон гэрээний хувь хэмжээ, нөхцөлийн талаар тодрууллаа.
-Уран бүтээлчид киногоо гаргахдаа танай синемад орлогынхоо 56.8 хувийг өгдөг юм билээ. Гэтэл Киноны тухай хуулиар энэ хувь хэмжээ 50 байх ёстой. Энэ талаар тайлбар өгч болох уу?
-Хуулиас давж хувь хэмжээ тогтоосон гэж бодохгүй байна. Манайх бусад кино театрыг бодвол олон салбартай. Бусдаас илүү олон дэлгэцээр киногоо үзэгчдэд хүргэдэг болохоор ачаалал их, үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Тиймээс гэрээний нөхцөлөө дээрх байдлаар хийж ирсэн.
-“Фантастик” продакшны мэдээлснээр танайх гэрээний хувийг 56.8 байснаа 50 болгож бууруулсан гэсэн. Бусад уран бүтээлчдэд эл хувь үйлчлэх үү?
-Есдүгээр сараас хувь хэмжээгээ бодитоор хямдруулсан. Бүх уран бүтээлчдэд нэг гэрээ үйлчилнэ.
-Орлогын 50 гаруй хувийг авдаг хэрнээ нэмээд “Сод Монгол”-ын бензинийг 10 хувьд нь шахдаг гэж байсан. Энэ нь уран бүтээлчдэд хүндээр тусдаг юм болов уу?
-Шахааны бензин уран бүтээлчдэд тараадаггүй. Хэвлэлээр манайхыг бараг 70 хувийг өгдөг гэж харагдуулж байна билээ. Уг нь 56.8 хувь дотроо дээрх 10 хувь багтдаг. Одоо нийт хувийг бууруулж 50 хувь болсон. Товчхондоо, бид шахааны бензин хүчээр өгдөггүй. Уран бүтээлчдэд 10 хувьд нь бензин авч болох уу гэж санал болгодог. Тэд сайн дураараа орлогын 10 хувьд шатахуун авдаг юм. Үнийн дүндээ багтдаг, бид нэмж бензин шахдаггүй.
-Танай театрт "ЗУРА 2: Цурам ажиллагаа" өнөөдөр гарахгүй гэсэн. Ямар шалтгаантай юм бэ?
-Тухайн продакшн киногоо бүрэн боловсруулж дуусаагүйн улмаас манай ирж хуулуулаагүй. Манайх гэлтгүй бүх театрт кино өмчлөгчид бүтээлээ өгөөгүй гэсэн. Тиймээс өнөөдрийн хуваариас хасагдаж, маргаашаас эхэлж, үзэгчдэд хүргэхээр болсон.
-Киног заалнаас алдах тохиолдол гардаг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж ажилладаг вэ. Тухайлбал, "ЗУРА 2: Цурам ажиллагаа" киног олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа шүү дээ. Тиймээс хамгаалалт чухал байх.
-Кино продакшн болон манай театр хамтарч хянадаг. Давхар киноны жүжигчид манай театрт хянаж тавьж болно. Файлаар ирсэн кино KDM хамгаалалттай ирдэг. Тиймээс хуулбарлах боломжгүй.