Байгалийн хий, цахилгааны хомсдолтой холбоотой, хэвлэлүүдэд нь гарсан нийтлэлүүдээс нь үзвэл Швейцар улсад ирэх өвөл гамшиг нүүрлэх нь. Баян, эдийн засаг, улс төрийн хувьд тогтвортой тус улс одоо сул дорой болсон мэт. Төвийг сахисан статустай ч ОХУ-ын эсрэг Европын Холбооны хориг арга хэмжээнд нэгдсэнээр одоо эрчим хүчний хямралын далайд хөвөх Өрнөдийн хөлөг онгоцны зорчигчийн тоонд оров. Хүсээд ч хөлөг онгоцны замд нөлөөлж чадахгүй. Айсуй хүйтний улиралд Альпын нурууны тус бүгд найрамдах улсын сайн сайхан байдал хөрш орнуудаас, мөн өвөл хэр байхаас ихээхэн шалтгаалах болжээ.
ХӨРШИЙН ХАМААРАЛ
Швейцар улс нутаг дэвсгэртээ хий хадгалах байгууламжгүй, далайд гарцгүй. Тиймээс шингэрүүлсэн хийн нийлүүлэлтэд найдалтгүй, бүс нутгийн дэд бүтэц ч хязгаарлагдмал. Атомын болон усан цахилгаан станцтай ч өвлийн улиралд хөршөөсөө худалдан авахгүйгээр хангалттай эрчим хүч үйлдвэрлэх чадалгүй. Дутагдах эрчим хүчээ авах боломжтой Францын цөмийн реакторуудын үлэмж хэсэг нь төлөвлөгөөт засварт орсон нь Швейцарын хэтийн төлөвийг төвөгтэй болгож буй.
Швейцарын Холбооны Улсын амьжиргааны түвшин дэлхийд дээгүүрт ордог бөгөөд санхүүгийн боломж нь зарчмын хувьд аливаа алдагдлаа амархан нөхчихөөр. Гэвч одоо эрчим хүчний үнэ өсөж, өвөл хомсдох аюул нүүрлээд байгаа бөгөөд “гал алдах” дээрээ тулжээ. Дэлхий дээрх бүх зүйл хэтэвчний зузаанаар хэмжигддэггүй. Европын Холбооны хөрш орон Франц, Итали, Австри, Германд эрчим хүч зэрэг тасалдвал Швейцар тэднээс их хэмжээний мөнгөөр ч хий, цахилгаан худалдаж авах боломжгүй. Хомсдолд орохгүй байсан ч цахилгаан өмнөхөөсөө илүү үнэтэй байх нь. Эрчим хүчний үнэ тус улс даяар дунджаар 27 хувиар өсөж, нэг кВт/цаг нь 26.95 сантим (мөнгө) хүртэл нэмэгдэнэ гэж Засгийн газрынх нь цахим хуудсанд бичжээ. Ингэснээр дундаж түвшний өрх цахилгааны төлбөрт жилд 1215 франк төлнө гэсэн үг бөгөөд энэ нь өмнөхөөсөө 261 франкаар илүү байна (нэг швейцар франк одоогийн ханшаар ойролцоогоор 3274 төгрөгтэй тэнцэж буй).
Энэ нь ихэнх швейцарчуудын хувьд тэвчихийн аргагүй их хэмжээ биш ч үйлдвэр, үйлчилгээний газрууд барааны үнээ өсгөхөд хүргэх нь гарцаагүй. Үүний сацуу саяхан цахилгааны тариф нэмэгдэхээс өмнө инфляц нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувьтай байсан. Энэ нь еврогийн бүсийн инфляцаас хамаагүй доогуур байгаа ч сүүлийн 29 жилийн хугацаанд тус улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.
ӨВӨЛД БЭЛДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Эрх баригчид нь эрчим хүч хэмнэхийг ард иргэддээ уриалж байна. Өвөлдөө түлээ, цахилгааны үүсгүүр, гар чийдэн, аккумлятор, хийн зуух бэлдэх нь эхлээд хошигнол мэт байсан ч одоо бодит байдал болжээ. Цахилгаан, эрчим хүчний комиссын дарга Вернер Лугинбюль “Neue zurcher zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа “Ердийнхөөс илүү их түлээ захиалсан. Гар чийдэн, зай хураагуур хангалттай бий” гэжээ. Мөн цахилгаан тасарсан тохиолдолд яаралтай нөөцөө шалгаж, шаардлагатай бол нөхөхийг Цагдаагийн газрын захирал Фреди Фесслер нь иргэддээ зөвлөжээ. Нөөц гэдэгт хүний бүтээгдэхүүн, лаа, гар чийдэн, зай хураагуур, хийн зуух багтдаг аж. Мөн ирэх өвөл цахилгаан тасалдах, эсвэл бүр тасрах үед үймээн самуун, дээрэм хийх эрсдэл нэмэгдэх тул хууль сахиулах байгууллагууд “онцгой нөхцөл байдалд” бэлэн байх ёстойг тэрбээр сануулав. Зөвхөн цагдаа гэлтгүй гал сөнөөгчид ч онцгой сонор сэрэмжтэй байх ёстой. Хүйтэн байвал иргэд тагтан дээрээ гал асаах эрсдэлтэйг мөн анхаарууллаа.
Зуны сүүлчээр түлээ, цахилгаан үүсгүүрийн борлуулалт өссөн гэж “Blick” сонин мэдээлэв. “Digitec-galaxus” цахим дэлгүүрт наймдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүх цаг үеийн шинэ дээд амжилт бүртгэгдэж, түлээний борлуулалт 1897 хувиар өсжээ. Ухаалаг утас, компьютер цэнэглэх, цахилгаан данх зэрэгт ашиглах боломжтой гэр ахуйн зай хураагуурын борлуулалт бараг 20 дахин нэмэгдсэн гэнэ. Цахилгаан үүсгүүр, нарны зай хураагуур, халаагуур, радиаторын борлуулалт ч мөн дунджаас үлэмж дээгүүр байна. Эдгээр барааны борлуулалтын тоо гурваас дөрвөн оронтой тоонд багтаж, долдугаар сарын таамгаас давжээ.
ХЭМНЭЛТ ҮҮ, ШИЙТГЭЛ ҮҮ
Өнгөрсөн сарын 31-нд болсон хурлаар тус улсын эрх баригчид хийн хомсдол үүссэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд хэд хэдэн арга хэмжээ авах нь. Юуны түрүүнд, тэд бүх хэрэглэгчийг хийг илүү идэвхтэй хэмнэхийг уриалав. Хоёрдугаарт, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Берн түлшний мазутын хэрэглээнд шилжих боломжтой бүх байгууламжид хийн нийлүүлэлтийг зогсооно. Гурав дахь шатанд хэрэглээний хязгаарлалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулна. Тухайлбал, байрны агаарын температурыг 19, уурын зуухны халуун усны температурыг 60 градусаас хэтрүүлэхгүй. Саун, усан бассейнд хий ашиглахыг хориглох гэнэ. Хэрэв эдгээр арга хэмжээ тус болохгүй бол дөрөв дэх шатанд эмнэлэг, цагдаагийн газар, аврах албадаас бусад бүх хэрэглэгчийн хийг хязгаарлах аж. Засгийн газрын шийдвэрийг зөрчин гэрээ 19 градусаас давуулж халаасан иргэдийг торгож, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Швейцарын шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын хэрэглэж буй цэнхэр түлшний 40 орчим хувийг ОХУ-аас авдаг. Нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний улсын стратегийн нөөцийг 490 мянган шоо метрээр түр бууруулахыг Засгийн газраас зөвшөөрөв. Усан тээврийн чухал зам болох Рейн мөрний түвшин буурч, Европын төмөр замын чиглэлүүдэд ложистикийн асуудал үүссэн нь тээвэрлэлтийн хуваарьт сөргөөр нөлөөлж байна. ХОРИГ АРГА
ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ
Тус улсын томоохон намуудаас одоо зөвхөн баруун консерватив чиг баримжаат “Швейцарын ардын нам” (ШАН) Оросын эсрэг хориг арга хэмжээнд Берн оролцохыг эсэргүүцэж байна. Улс төрийн тус хүчин нь дөрвөн намаас бүрдсэн эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг, парламент дахь улс төрийн хамгийн том хүчин юм.
Европын Холбооны удирдагчид хий тогтвортой нийлүүлэх асуудлаар Москватай хэлэлцээ хийх ёстой гэж ШАН-ын дэд ерөнхийлөгч Магдалена Мартулло-Блохер “Neue zurcher zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Европын Ерөнхийлөгч нар мөргөлдөөнийг өдөөхийн оронд хариуцлагаа ухамсарлаж, Оросын хийнээс хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Европ наад тал нь 2023 оны хавар хүртэл байгалийн хий тогтвортой нийлүүлэх, энх тайван байдал тогтоох талаар В.Путинтэй зөвшилцөх ёстой” гэж тэрбээр хэллээ. Швейцар улсыг эдийн засгийн хориг арга хэмжээнд оролцохыг хориглох тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар энэ намраас гарын үсэг цуглуулж эхлэхээ “Швейцарын ардын нам” мэдэгдэв.