Монголын тариаланчдын үндэсний холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, тонн буудайн үнийг 1.2 сая төгрөгөөс өндрөөр тогтоохоос өөр аргагүй хэмээн мэдээлэв. Тариаланчид үүнийг буудай тариалахад зарцуулсан хөрөнгө нэмэгдсэнтэй холбон тайлбарлалаа. Тодруулбал, газар тариалангийн багаж хэрэгсэл, тариалалтад шаардлагатай бүтээгдэхүүн, материалуудын үнэ ханш өссөн гэв. Тиймээс ургац хураахын өмнө бүтээгдэхүүний өртгийг тооцож, салбарын яаманд хүргүүлсэн хэмээлээ. Улсын ургацын комисс хуралдаж, Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаан буудайн үнийг тогтоосноо уржигдар зарласан. Тус комиссоос буудайн үнийг ангиллаас нь хамааруулан 880 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байхаар тогтоосон юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үүний талаар “Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх материалын үнэ 30-35 хувиар өссөн. Тиймээс үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх ханш зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнийг тогтоосон” гэж мэдээлсэн билээ. Гэсэн ч тариаланчид үүнийг эсэргүүцэж, тонн буудайг нэг саяас бага үнээр худалдвал тариаланчид алдагдал хүлээнэ гэдгийг онцоллоо.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа