УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Энэтхэг улсын Ченнай хотод болсон шатрын 44-р олимпиадад оролцсон Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэргүүтэй Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ. Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын эмэгтэй багийнхан 162 орноос 15-рт, эрэгтэй багийнхан 188 орноос 35-р байр эзэлсэн түүхэн амжилттай эх орондоо ирсэн. 4-р ширээнд 17 настай шатарчин Б.Мөнгөнзул охин түрүүлж, Алтан медаль хүртсэн юм.
Мөн Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр эмэгтэй Их мастер цолтой Монголын долоо дахь тамирчин боллоо. Олимпт оролцсон манай шатарчид бүгд хувийн амжилтаа ахиулж ганзага дүүрэн ирсэнд УИХ-ын дарга болон шатарчин гишүүд баяр хүргэж амжилт хүссэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 44-р Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүжээ. Шатарчидтай хийсэн уулзалтад шатарчин улстөрчдөөс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцжээ.