Дүрслэх урлагийн академийн Онол, түүхийн тэнхимийн эрхлэгч, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш, ОХУ-ын Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн төгсөгч, урлаг судлаач М.Аминаа 2019 онд “Синдром” арт шоуг толилуулсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 20-нд “Үхлийн дараах ертөнцийн бүтээлүүд буюу эртний Египетийн урлагийн сод бүтээлүүд” урлагийн түүхийн сонирхолтой лекцийг дүрслэх урлаг сонирхогчдод хүргэх гэж байна. Тэрбээр “Пирамид, мумми, фараон гэх зэргийг сонсоод л Египет шууд ой тойнд бууна. Дөчин зууны турш ертөнцийг үзэх үзэл, соёл уламжлалаа хатуу баримтлан, математик, одон орон судлал, анагаах ухаан, инженер, технологийн гайхалтай нээлтүүдийг хийж, өнөөг хүртэл бидний амьдралд нөлөөлж байдаг нь Египетийн соёл иргэншлийн гайхамшиг билээ. Эртний Египетийн урлагийн түүхийг судалснаар хэдэн мянган жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсээс бид юугаараа өөр, бас ижилхэн талаар мэдэж авч, дэлхийн аль ч музейд орсон өөртөө итгэлтэй алхан, танил найзуудтайгаа сонин содон мэдээлэл, мэдлэгээ хуваалцах боломжтой болно” гэсэн юм. Энэхүү урлагийн лекц “Elixir”-т болох бөгөөд хоёр цаг үргэлжлэх аж.