“Азийн цуурай” олон улсын циркийн наадам Казахстаны нийслэл Нур-Султан хотод болж, өчигдөр өндөрлөлөө. Тус наадмыг өнөө жил 13 дахь удаагаа зохион байгуулсан юм. Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн уг наадамд манайхаас гадна Беларусь, Унгар, Вьетнам, Израил, Итали, Киргиз, Молдав, ОХУ, Тажикистан, Узбекистан, Франц, Казахстан гэсэн 13 улсын уран бүтээлчид оролцжээ. Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид тус наадамд “Аватар” үзүүлбэрээрээ оролцсон юм. Тав хоног үргэлжилсэн тус наадмын гран при шагналыг Беларусийн циркчин Наталья Нарышкина, Глеб Казленко нар хүртжээ.