BRB группийн хамт олон XMF буюу “Хуур” хөгжмийн наадмыг 2017 оноос зохион байгуулж, анхны жилдээ 30 000 гаруй хөгжим сонирхогч залуусыг цуглуулж байв. Түүнээс хойш үүнийг Монголын хамгийн өргөн хүрээтэй хөгжмийн наадам болгохоор зорьж, жил бүр өөр өөр уур амьсгалтайгаар зохион байгуулж байгаа юм. Тэгвэл өнөө жилийн XMF наймдугаар сарын 19-нд болох бөгөөд зохион байгуулагчид “Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээж, зөв зүйлд уриалах, төв Ази, бүс нутгийн жуулчдыг Монгол улс руугаа татах зорилготой. Улмаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн наадам болгох зорилго тавьж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бид наадмаа зохион байгуулж чадаагүй. Харин энэ удаад өмнөх жилүүдийн эрч хүчээ алдалгүй, шинэ концепц бий болгосон. Наадмыг “XMF reborn” концепцын хүрээнд зохион байгуулна. Хүн төрөлхтний хийж бүтээсэн зүйлийн түүхүүд цаг хугацаагаар хэмжигдэж, тухайн үед болж өнгөрсөн дурсамж, мэдрэмж, үйл явдлыг хөгжим өөртөө агуулдаг. Бид үүнийг л сэргээхийг хүсэж байна. Наадамд 40 орчим уран бүтээлч оролцоно. Үзэгчдийг 12 цагийн тасралтгүй хөтөлбөр хүлээж байна” гэж онцолсон. Түүнчлэн өнөө жил тус наадамд дэлхийн хэмжээний од, реппер Lil Pump оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлээ. Тэрбээр 2017 онд “Gucci gang” дуугаараа дэлхийд танигдаж байсан бөгөөд түүнээс хойш олон уран бүтээл, цомгоо толилуулаад буй билээ.