Д.Рэнцэнрээбүү
ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА МАЛЧИН
ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ БОЛСОН НЬ
Завхан аймгийн Цагаанчулуут сумын ардын аж ахуйтан Довдонгийнх 1951 оны долдугаар сарын 11-нд мэндэлсэн ууган хүүдээ Рэнцэнрээбүү хэмээх нэр хайрлажээ. Хүүгээ найман нас хүрэхэд нь сумынхаа бага сургуулийн босгоор алхуулсан ч дөрөвдүгээр анги төгсөөд аав, ээжтэйгээ малаа маллан амьдрах болж. Улмаар 1965 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаж мэргэжилтэй малчин болсон байна. Ингээд 1967 онд 350, дараа жил нь 300, 1969 онд 250 ямаа самнахдаа нэг ямаанаас гарах ноолуурыг 50 граммаар нэмүү авсны зэрэгцээ 32 эмнэг тэмээ уналга эдэлгээнд сургасан амжилтаараа 1968, 1969 онд Завхан аймгийн залуучуудын хөдөлмөрийн аваргаар шалгаран Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн “Тэргүүний малчин залуу” алтан медалийн эзэн болжээ. Энэ үед Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумд суралцах эрхийн бичгээр шагнасан аж. Гэвч Д.Рэнцэнрээбүүд техникумд явснаас цэргийн алба хаасан нь дээр мэт санагдсан байна. Сургуульд сурахаас татгалзан 1969 онд цэрэгт татагдав. Хүндэт харуулын анги буюу тухайн үеийн Ардын армийн 032 дугаар ангид эр цэргийн албаа гурван жил хаасан тэрбээр нэгдүгээрт жолооч болох, хоёрдугаарт дүү нараа цэрэгт ирэхэд нь эргэж тойрох, боловсрол эзэмшихэд нь туслах зорилго өвөрлөн нийслэл хотын иргэн болохоор шийджээ. Тиймдээ ч хот суурин газарт хийж болох ажил, албатай болохоор судалж сураглаж байтал Цагдан сэргийлэх байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой 40-өөд хүнийг “Одонт хороо” буюу Дотоодын цэргийн 05 дугаар ангиас ажилд авахаар бүртгэж буйг дуулж. Энэ үед нэрээ бүртгүүлэн, дүүгийнхээ долдугаар анги төгссөн гэрчилгээг засварлаж боловсон хүчний байцаагч Ванчиннамжилыг хууран Улсын их дэлгүүрийг хамгаалах Цагдан сэргийлэх группт сэргийлэгчээр оржээ. Тэндээ хууль дүрэм, зарлиг тогтоол судлан хоёр хонож байтал боловсон хүчний байцаагч, хошууч Логи ирээд “Та нар хаана, хаана цэргийн алба хаасан хүүхдүүд вэ” гэж асуусан байна. Хамт ажилд орсон Үнэнбат, Базаррагчаа нар Дотоодын цэргийн 05 дугаар ангид, Д.Рэнцэнрээбуу Ардын армийн 032 дугаар ангид алба хааснаа хэлж. Гэтэл хошууч Логи “Ардын цэргийнхэн сахилгагүй байдаг. Чи тэдний нэг биз. Зайл чи” хэмээн хөөсөн гэнэ.
Тэр үеийн НАХЯ-ны I орлогч сайд, УЦСЕГ-ын дарга, хошууч генерал С.Бүдрагчаатай хуулийн сургуулийн нэг ангид сурч төгссөн садангийн ах Намжилын бичсэн өргөдлийн ачаар Цагдан сэргийлэх байгууллагын босгоор алхсан Д.Рэнцэнрээбүү Улсын их дэлгүүрийг хамгаалах Цагдан сэргийлэх группээс хөөгдөөд боловсон хүчний байцаагч Ванчиннамжил гуайн өрөөнд дахин очжээ. Тэгэхэд “Орон тоо байхгүй болсон байна даа хө” гээд хэд хэдэн газар луу утас цохисны эцэст “Эргүүлийн ротод ганц, хоёр орон тоо байж магадгүй шиг байна. Чи тэнд оч доо” гэснээр тус ротын дарга, дэд хурандаа Доржсүрэнтэй уулзжээ. Түүнийг аймгийн заан, ахлах дэслэгч Баяраагийн салаанд хуваарилснаар цагдан сэргийлэх байгууллагад орж, ажил, амьдрал нь баталгаажсан ажгуу. Тэр үеэ Д.Рэнцэнрээбүү хурандаа дурсахдаа “Толгойдоо мэдлэггүй, түрийвчиндээ мөнгөгүй, хотод байх ойр дотнын ах дүүсгүй, сольж өмсөх хувцасгүй, хэсэг хугацаанд хэцүүхэн амьдарч байгаад сэргийлэхэд ажилд орсон. Надад залуу нас, ажилсаг хөдөлмөрч чанар, тэвчээр хатуужил л байсан даа” гэдэг юм.
Тэрбээр хамт ажилладаг сэргийлэгч, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Б.Хасаг, С.Жалцав нарыг амралтаараа хөдөө явахад нь гэрийг нь сахиж, Хөвсгөл аймгийн харьяат Ч.Пүрэвсүрэн сэргийлэгчийнд найман сар толгой хоргодож байгаад 1973 оны наймдугаар сард НАХЯ-ны аж ахуйгаас гэр авч барин эхнэр, хоёр дүүтэйгээ амьдарснаар айл гэдэг нэр, данстай болжээ.
Гурван салаа, 90 хүнтэй байсан Эргүүлийн рот 1973 оны хавар өргөжихөд төвийн салаа машинт эргүүлтэй болж Д.Рэнцэнрээбүү тус салаанд хуваарилагдав. Ажил үүргээ гүйцэтгэж байтал Сэргийлэн хамгаалах гарнизоны орлогчоор ажиллаж байсан, ахмад Хүрэлсүх хотын Цагдан сэргийлэх газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн орлогч дарга болж, түүнийг удирдлага доороо авсан байна. Шаардлага өндөртэй, цаг наргүй ажилладаг залуу дарга, ахмад Хүрэлсүхийн мэдэлд сэргийлэгч нар ажиллахаасаа няцдаг тэр үед Д.Рэнцэнрээбүү л ганцаараа үлдэж.
1973 оны аравдугаар сараас Сүхбаатарын районы Рашааны гудамжны айлуудаас хулгай хийх хэрэг гарах болж. Аравдугаар сарын 3-ны өглөө даргаасаа айл ухаад байгаа хулгайчийг олж барих үүрэг авсан Д.Рэнцэнрээбүү Зуун айлаас Долоон буудал, Дамбадаржаагийн гудамж хүртэл хоёр удаа явган тойрчихоод ажил руугаа ирж, ахмад Хүрэлсүхэд “Гарсан зүйлгүй, тайвныг илтгэе” гэхэд “Юуны чинь тайван байдаг юм. Хулгайч барьж ирж чадсангүй” хэмээн хариуцлага тооцсон байна. Тэр үед хорих ангиас оргосон Төмөрбаатар гэх хүн согтуудаа хэд хэдэн айлаас эд зүйл хулгайлаад баригдсан аж.
Ажлаасаа шантарсных уу, арга хэмжээ авхуулсандаа тэр үү, Д.Рэнцэнрээбүү буцаж Эргүүлийн ротынхоо төвийн салаандаа очтол нөхөд нь гадаадын Төрийн тэргүүн манай улсад айлчилж, түүний хамгаалалтад Бугын сангийн аж ахуй руу явсан байв. Тиймээс дахиад Хүрэлсүх даргынхаа өрөөнд очиход аанай л “Хулгайч олж ир” гэж тушаасан байна. Өдөржин автобусаар хэсэж, энд тэндээс айл ухсан хулгайч явж байгаад тааралдаж магадгүй хэмээн бодон “Тээх”-ийн дэлгүүрийн орчимд ажиглалт хийж. Тус дэлгүүрийн махны дараалал дунд зогсож байтал 900 төгрөгөөр зарагддаг бугуйн цаг барьчихсан, худалдаанд дөнгөж гарч эхэлж байсан 406-гийн драпан пальтотой, костюм пиджак, орос хромон гутал өмссөн, макеран ороолт зүүсэн хар малгайтай, уруул нь омголтсон залуу орж ирэв. Тэрбээр барьж яваа нимгэн шар цагаа “Хоёр шил архины мөнгөөр өгнө” хэмээн хүмүүст үзүүлээд байж. Д.Рэнцэнрээбүү ч “Би авъя” гээд гадаа дагуулж гараад үнэмлэхээ үзүүлэхэд, сайх залуу зугтжээ. Түүнийг хөөж барьж авахад тэрбээр Рэнцэнрээбүүг унагахаар оролдон ноцолдож байх тэр агшинд нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч Цэнджаргал явж харагдахаар нь дуудсан байна. Түүнийг ирэхэд нь “Ахлах дэслэгч ээ, энэ нөхрийг Хүрэлсүх дарга аваад ир гэсэн юм. Гэтэл энэ нөхөр явахгүй төвөг удаад байна” гэхэд Цэнджаргал элбэлцэж Хотын цагдан сэргийлэх газарт хүргүүлжээ. Гэтэл цагны наймаачин нөгөө эр Д.Рэнцэнрээбүүд хандан “Чи наад цагаа ав. Би харья, сүүлд хэрэг болж магадгүй нэрээ хэлчих” гэсэн байна. Харин Д.Рэнцэнрээбүү “Үгүй, чамтай дарга уулзана” гэж чирч гулдарсаар даргынхаа өрөөнд оруулж, “Таны олоод ир гэсэн хүнийг аваад ирлээ” гэж илтгэв. Энэ үед дарга нь “Миний хүү ч гавьяа байгууллаа. Би чинь хэлтсийн орлогч, 406-гийн пальто олж өмсөх гээд хотод байдаг бүх орос дэлгүүрээр ороод олоогүй” хэмээж гэнэ. Улмаар “Дэнжийн мянга руу яваад Довдонгийн Ганболд гэдэг хулгайч нөхрийг аваад ир” гээд хаягийг нь өгчээ. Түүнийг ч тэр даруй авчран Хүрэлсүх даргадаа хүлээлгэж өгөхөд эрүүгийн төлөөлөгч нараа өрөөндөө цуглуулж “Та нар мэргэжлийн сургууль төгссөн, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Та нарын олж шалгахгүй байсан хүнийг нэг жил ажиллаж байгаа энэ сэргийлэгч хүүхэд олж ирлээ” гээд Д.Рэнцэнрээбүүг долоо хоног амрах чөлөөгөөр шагнажээ. Д.Рэнцэнрээбүүгийн анх саатуулсан цагны наймаачин нь Лхамсүрэнгийн Цэрэндагва хэмээх, 7-8-уулаа бүлэглэж 150 орчим айлаас хулгай хийсэн этгээд байсан аж. Тухайн хүнд шүүх ялын дээд хэмжээ оноохоор шийтгэсэн байна. Түүнд холбогдох хэргийг шалгасан Хүрэлсүх, Цоолой нар хошууч цол хүртэж, “Алтангадас” одонгоор шагнуулсан аж.
1974 онд Улсын их дэлгүүрийн өндөр үнэтэй барааны тасгаас хулгай хийсэн Д.Цогтбаатар, Х.Мөнхчулуун, хүүхдийн барааны их дэлгүүрээс эд зүйл хулгайлсан Д.Ганболд, эмэгтэйчүүдийн барааны их дэлгүүрээс хулгай хийсэн Ш.Дэмбэрэлмөнх нарыг нэг өдрийн дотор илрүүлэн саатуулахад Д.Рэнцэнрээбүү оройлон оролцсон байна. Мөн бусдын амийг хохироож, мөрдөн байцаалтгаас оргосон Г.Сумъяацэгмидийг эрэн сурвалжилж, 10 гаруй хоног Баянзүрх, Яармаг, 22-ын товчоонд ээлжлэн хот руу орж гарч буй автомашинд үзлэг шалгалт хийгээд амжилт олсонгүй. Гэтэл Сумъяацэгмид нь нүүрс ачсан вагонд нуугдаж хил даваад Наушкаас баригдсаныг Д.Рэнцэнрээбүү Ц.Баяраагийн хамт явж авчирч мөрдөн байцаагчид нь хүлээлгэн өгчээ.
Д.Рэнцэнрээбүүг хамт ажиллаж байсан нөхөд нь орон нутагт хэсгийн төлөөлөгч болгох санал тавьж байсан ч дарга, удирдлага нь эс зөвшөөрдөг байж. Тухайлбал, Увс, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн удирдлага Д.Рэнцэнрээбүүг эрүүгийн төлөөлөгчөөр ажиллуулах санал тавихад нь УЦСЕГ-ын орлогч, дэд хурандаа Р.Ёндондэмбэрэл, хошууч Хүрэлсүх нар түүнд сургууль төгсөж, боловсролоо ахиулж хотод ажилла гэж зөвлөдөг байсан гэнэ. Хошууч Хүрэлсүх Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга болмогцоо Ц.Баяраа, Д.Ганбаатар, Д.Рэнцэнрээбүү нарыг эрүүгийн төлөөлөгчөөр томилуулан авч ажилласнаар даргынхаа итгэл найдварыг биелүүлж нойр хоолгүй, өдөр шөнөгүй хүчин зүтгэх болов. Үүний зэрэгцээ боловсролтой, туршлагатай мөрдөн байцаагч, төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга нарын заавар зөвлөгөөг сайн сонсож, эзэнгүй хэргүүдтэй танилцан судалдаг байсан нь Д.Рэнцэнрээбүүг мэдлэг чадвартай ажилтан болох нөхцөлийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Өөрийнх нь шаргуу дайчин, хөдөлмөрч чанар ч амжилттай ажиллахад нь нөлөөлсөн биз. Тэрбээр 1979-1990 оны хооронд улсын дунджаас 4-6 дахин илүү үзүүлэлттэй ажиллаж, жилд 120-270 хэрэг илрүүлж байсан нь үүний нотолгоо биз. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн албанд ажиллах хугацаандаа 3000-аад гэмт хэрэг илрүүлсэн амжилтаар 1980, 1982 онд хэсгээрээ, 1984, 1986, 1990 онд өөрөө НАХЯ, УЦСЕГ-ын хөдөлмөрийн аварга, НЦГ-ын Хөдөлмөрийн аваргаар найман удаа шалгарч, 1987 онд орон сууцад дараалалгүй орох эрхийн бичгээр шагнуулсан гээд тоочвол урт жагсаалт гарна. Хэрэв Д.Рэнцэнрээбүү цагдаагийн байгууллагаас өөр аль нэг салбарт ажилласан бол аавтайгаа адил Хөдөлмөрийн баатарын алтан соёмбот медаль, Сүхбаатарын одонгийн хамт энгэртээ зүүх байсан даа гэж бодогдоно. 1983 онд цагдаагийн байгууллагын Эдийн засгийн албанаас үүнийг тэрлэгч миний бие Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын хөдөлмөрийн аварга болоход Д.Рэнцэнрээбүү Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах албанаас мөн аварга болж шинэ жилээр гаргасан ханын сонинд бидний зураг нийтлэгдсэн нь одоо ч надад хадгалагдаж байна.
Тэрбээр олон ч ноцтой хэргийг илрүүлж байсан юм. Тухайлбал, 1978 онд Дарханы Л.Энхтөр гэх хүүхдийн толгойлсон, зэвсэглэсэн хүүхдүүд автомашин хулгайлж, шүдний оогоор дугаарыг нь засаж бичээд хээр аваачин тонодог, айлаас хулгай хийхдээ гурил будааг нь цацдаг, сүүлдээ гараашаас хулгай хийхдээ манаачийг нь буудаж айлгадаг ноцтой хэргийг нарийн илрүүлж, хөдөлбөргүй баримтаар гэм бурууг нь нотолж байв. Мөн 1983 онд Засгийн газрын ордны баруун талд орших, 22 дугаар дэлгүүртэй байранд амьдардаг Сайд нарын Зөвлөлийн өндөр албан тушаалтны гэрээс 40 000 төгрөгөөр үнэлэгдэх алт, үнэт эдлэл, гоёл, чимэглэлийн зүйлс алга болсон хэргийг Д.Рэнцэнрээбүү эрэн сурвалжилж олж тогтоож байв. Уг хэргийн мөрөөр шалгаж байтал “Оюу эрих хүн зарах гэж явна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Түүнийг шалгахад Д.Нацагдорж гэх эр уг айлд түлхүүр тааруулан орж, үнэтэй эд зүйлүүдийг нь авсан байжээ.
1984 онд хамт ажилладаг нөхөдтэйгөө Зуун айлын гуанзанд хоол идэж суутал өмнө нь олон удаа ял шийтгүүлсэн Г.Базарсад гэх эр цүнхтэй юм үүрчихсэн гүйж яваа нь цонхоор харагджээ. Д.Рэнцэнрээбүү идэж буй хоолоо орхин түүний хойноос гүйсээр XI хорооллын дунд гүйцэн очоод шалгахад дөрвөн мөнгөн аяга, мөнгөн хэрэглэлтэй хэт хутга, дунд гарын манан хөөрөг, битүү ороолттой мөнгөн хазаар гарч иржээ. Тиймээс үргэлжлүүлэн шалгаад Гандангийн дэнж дэх нэгэн айлаас тухайн үедээ 8000 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл хулгайлсныг тогтоосон байна.
Хүний амь бүрэлгэсэн ноцтой хэргүүдийн хохирогчдод шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхэд Д.Рэнцэнрээбүү өөрийн биеэр оролцож ирсэн бөгөөд энэ талаараа “Гараараа барьж, нүдээрээ харах нь эмнэлгийн дүгнэлт гарахаас урьд өөрөө ойлголт авч хэргийг шалгахад түлхэц болдог” хэмээнэ. Тиймдээ ч цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа 100 гаруй удаа задлан шинжилгээнд оролцжээ.
Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Довдонгийн ууган хүү Рэнцэнрээбүү эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх, тэдний үйлдсэн эзэнгүй хэргүүдийг илрүүлэхийн төлөө төрсөн хүн юм билээ. Монгол, Зөвлөлтийн онц сэргийлэгч, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн болон Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Д.Рэнцэнрээбүүгийн энгэрт бас нэг хүндэтгэл дутагдаад байгааг цагдаагийн өнөөгийн удирдлага анзаарч буй биз ээ.
Америкийн ард түмэн 80 нас хэвийсэн хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон байхад 70 гарч буй Д.Рэнцэнрээбүүгийн оюун ухаан, ажлын арга барилыг өнөөгийн цагдаагийнхан ашиглаж яагаад болохгүй гэж.