Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар өчигдөр Төвбанкнаас мэдээллээ. Уг төлөвлөгөөнд тусгасан нийт 56 арга хэмжээнээс өнгөрсөн онд 25-ыг нь хэрэгжүүлжээ. Тэгвэл 2021-2022 онд гурвыг, үлдсэнийг нь 2024 он хүртэл хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд өнгөрсөн жил ажлын байрыг дэмжих болон репо санхүүжилт хийх зэргээр 67 719 зээлдэгчид 4.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгосон бөгөөд 43 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 18 хувь нь үйлчилгээний байгууллагынханд ногдсон аж. Ингэснээр нийт 146 385 ажлын байрыг хадгалж үлдсэн юм байна. Түүнчлэн Монголбанкнаас хоёр хүртэлх жилийн хугацаатайгаар банкуудад репо санхүүжилт хийн, банкуудын зээл олголт өсөн, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх боломж бүрджээ. Өнгөрсөн жил Төвбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээс нийт 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргасан нь 2020 оныхоос 75.1 хувиар нэмэгдэн дүн болжээ. Түүнчлэн дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлт огцом буурахаас сэргийлсэн юм байна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2021 оны дөрөвдүгээр улиралд мөн оны эхнээс 3.5 нэгж хувиар өсөн, ажилгүйдлийн түвшин найман хувьд хүрсэн зэрэг эерэг үр дүн гарсныг Монголбанкнаас мэдээллээ.
Бэлтгэсэн С.Цэрэн