“Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” компаниас цементийн үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж буйгаа мэдээллээ. Тодруулбал, тус үйлдвэрийн агуулахад одоогоор 6000 тонн цемент байгаа бөгөөд нэг борлуулагчаар дамжуулан долоо хоногт таван тонн цементийг шуудайг нь 15 000 төгрөгөөр худалдах юм байна. Ингэснээр ченжүүд их хэмжээгээр худалдан авч, үнэ өсгөн эргүүлэн зарахыг хязгаарлах зорилготой аж. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт нэг уутыг нь 14 000 төгрөгөөр борлуулах аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөсөн учраас нийслэл рүү бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд “Улаанбаатар төмөр зам”-аас тээвэр ложистикийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ. “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” компанийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар “Бид улсын хэмжээнд нийт 10 гэрээт борлуулагчтай хамтран ажиллана. Гэрээт борлуулагчдадаа хяналт тавин, үйлдвэрийнхээс өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглож буй. Хил, гаалийн саатлаас шалтгаалан бараа, материалын нийлүүлэлт буурсан ч бид шуудайн нөөцөө бүрдүүлсэн учраас хоногт 20 000 шуудай цемент нийлүүлнэ” гэв. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийнхэн өчигдрөөс барилгын материалын “44” захад бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн гэнэ. Харин өчигдөр “Хангай” захад “Монцемент” нэг шуудай нь 25 000 төгрөгийн үнэтэй байв.
Бэлтгэсэн С.Дулам