Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” дэвжээний тамирчин, спортын мастер Б.Сарнай Киргизстаны Бишкек хотод зохион байгуулсан 23 хүртэлх насныхны Азийн АШТ-д 76 кг-ын жинд хүч сорьж хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. Тэрбээр дөрөв барилдсанаас хоёр ялж, хоёр ялагдан, медальтай үлдэх, эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Озода Зарипбоеваг 10:0-ээр илүүрхэж, шагналын тавцанд зогссон юм. Тэрбээр хүнд бэртлийн улмаас хэсэг хугацаанд завсарлан, энэ жилээс дэвжээндээ эргэн ирж, амжилтаа үргэлжлүүлэв. Өмнө нь насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын УАШТ, “Асашёорюү кап” өсвөрийн олон улсын тэмцээнд түрүүлж, аварга болсон юм. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон насанд хүрэгчдийн УАШТ-д хүч сорьж, мөнгөн медаль атгасан түүнтэй ярилцлаа.
-Бүжиг сонирхдог охины сэтгэлийг чөлөөт бөх татсан нь сонирхолтой санагддаг юм. Амжилтынхаа гарааг хэрхэн эхлүүлсэн дурсамжаар тань аялмаар байна.
-Би багадаа бүжиглэдэг байлаа. Хүүхэд байхаасаа гартаа бяртай. Зун хөдөө өвөөгийндөө амарч, үеийнхэнтэйгээ тоглохдоо барьж аваад унагачихна. Өвөө, эмээ намайг хараад “Энэ охиныг бөхөөр хичээллүүлж, эсвэл бариачийн дамжаанд сургах сан” гээд ярихад нь барилдуулах гэлээ гэж дургүйцдэг сэн. Нэг өдөр Налайх дүүргийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас “Баавгай” хочтой Б.Батцэцэг эгч залуучуудын олимпод түрүүлж, алтан медальтай ирэв. Түүний амжилтаар бахархаж, бөхийн төрлөөр хичээллэх сайхан юм байна. Би ч гэсэн барилдвал хэзээ нэгэн цагт аварга болно доо” гэх бодол төрсөн. Дасгалжуулагч Д.Мөнхбаяр багшийг олж уулзсанаар энэ спортод анх хөл тавьж билээ. Бэлтгэл хийгээд удаагүй байхдаа Орхон аймагт болсон, Ш.Отгонбилэг агсны нэрэмжит олон улсын тэмцээнд 38 кг-ын жинд оролцож, шагналын салхиа мөнгөн медалиар хагалсан юм. Тэр шагнал урам өгч, хойшид амжилт гаргах зориг хайрласан.
-Та улсын аваргаас нэлээд олон медаль гардсан. Мөнгөн медалийн буухиа араасаа олон шагнал дагуулжээ.
-Надад УАШТ-ээс гардсан 10 медаль бий. Цаашид ч ахиулна. Өсвөр үеийнхний УАШТ-ээс тус бүр нэг алт, мөнгө, гурван хүрэл, залуучуудынхаас, тус бүр нэг алт, мөнгө, насанд хүрэгчдийнхээс хошой хүрэл медальтай. Бишкекээс дөнгөж ирээд л Монголд болсон улсын аваргад оролцож, мөнгөн медаль хүртлээ. Миний хувьд хүнд бэртэл авч, чөлөөт бөхөө таван жил завсарласан. Тамирчин хүнд тулгардаг хэцүү зүйл бол бэртэж гэмтэх. Саяхнаас дэвжээндээ эргэн ирж, 23 хүртэлх насныхны Азийн болон дэлхийн аваргад оролцох сорил тэмцээнд түрүүлснээр Киргизстаныг зорьсон юм. Чөлөөт бөхөөр хичээллэхэд хатуужил тэвчээрээс суралцаж, зөв төлөвшин, амьдралд сэтгэлийн хаттай ханддаг болдог. Би одоо нас залуу байна. үүнээс ч илүү амжилт намайг хүлээж байгаа.
-Дэвжээнээсээ холдож, нэг хэсэг завсарлахад амар байгаагүй биз?
-Эхэндээ ч хэцүү санагддаг байлаа. Дэвжээнээс нэг хэсэг холдсон ч зүгээр суугаагүй. Өөрт тохирох спортын төрлүүдээр хичээллэсэн. Морин цирк сонирхож үзүүлбэр үзүүлдэг болж, дараа нь биеэ өв тэгш хөгжүүлэхээр зорьж, бодибилдингэд чамлахааргүй амжилт гаргалаа. Тамирчин хүн бүх зүйлд авьяастай байх ёстой. Морин цирк урлагийн төрөлд багтдаг. Уян налархай хөдөлгөөнөөс гадна жүжигчин хүнд ямар авьяас, мэдрэмж байна түүнээс суралцсан. Бодибилдингээр хичээллэх ч амаргүй. Маш их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнд оролцож, V байрт шалгаран улсын аваргад өрсөлдөх эрх авсан. Би юуг ч сонирхсон чөлөөт бөхөөс холдож чадаагүй. Миний байх ёстой газар бөхийн дэвжээ болохыг ойлгосон юм. Хүсэж мөрөөдсөн, бас зорьж тэмүүлсэн спорт болохоор эргэж ирсэн.
-Бөхийн спортод дурласан болохоор аз жаргалыг юунаас ч илүү мэдэрсэн байж болох шүү дээ.
-Дэвжээнээсээ эрч хүч авч, тамирчидтайгаа бэлтгэл хийхэд надад аз жаргалтай санагддаг. Би спортын таван төрлөөр хичээллэж, медаль хүртсэн. Бодибилдингийн тэмцээнд фитнес модель, модель мисс төрөлд оролцдог. Өнгөрсөн өвөл бүх холбоодын нэгдсэн УАШТ “Степпе арена”-д болоход таталтын тэмцээн, мөн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн улсын аваргаас тус бүр алтан медаль, хүчний спортоос паэурлифтингийн тэмцээнд түрүүлсэн гээд ярих зүйл их бий. Би намар болох чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж байна.
-Таныг эргээд ирэхэд хамт хичээллэдэг байсан нөхөд тань гайхаж угтав уу?
-Намайг таван жилийн дараа дэвжээнд дахин гарахад тэд их гайхсан. Зарим нь “Чи нээрээ ирсэн гэж үү” гээд эргэлзэнгүй асууж байв. Хүний сэтгэл татагдсан зүйл юунаас ч хүчтэй байдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрсэн. Нэг жинд өрсөлддөг өрсөлдөгчид маань аль хэдийнээ амжилтад хүрч, шилдэг тамирчин болсон. Тухайлбал, чөлөөт бөхийн шигшээ багаас тив, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Дэлгэрмаа гол өрсөлдөгч байлаа. Түүнтэй тэмцээнд байнга таардаг сан. Би одоо 62, тэрбээр 68 кг-д хүч сорьдог. Бид найзууд. Дэвжээнд гарахаараа ана мана өрсөлддөг ч, энгийн үед сайхан нөхөрлөнө. Бидэнд ялж, ялагдаж явсан удаа цөөнгүй. 2017 оны УАШТ-д аваргын төлөө мөн л таарахад би хожсон юм
-Налайх дүүргийнхэн ямар ч тэмцээнээс медальтай ирэх юм аа?
-Бид эгч нарынхаа гаргасан амжилтад хүрэхээр хичээж байгаа. Харин бидний амжилтыг дүү нар минь үргэлжлүүлнэ. Киргизстанд байхдаа заавал медальтай харина гэж өөртөө амласан. Тэр зорилгоо ч биелүүллээ. Намайг дэвжээнээс түр холдоход багш минь байнга холбогдож, бэртлийн талаар асуухдаа “Чамайг дэвжээ чинь хүлээж байгаа шүү, дуртай үедээ хүрээд ирээрэй” гэдэг байв. Би бэртэлтэй байхдаа ч бөхийн спортоос хөндийрөөгүй. Одоо ирээдүйгээ харж, өмнөхөөсөө илүү амжилт гаргахаар төлөвлөсөн. Тамирчин хүнд бэртэх явдал өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог. Спортын талбарт гаргах амжилтаас нь хойш татдаг. Сонирхдог спортоосоо таван жил завсарласандаа их харамссан. Эргэж ирэхдээ дэвжээгээ хараад баярлаж, огшсон шүү. Спортод багш, хамт олон, баг тамирчдаа хүндлэх ёс зүй бий. Намайг өмнөх шигээ халуун дотно угтаж авсан багш, дэвжээнийхээ тамирчдад их баярладаг. Тэр үед багш, шавийн барилдлага гэж агуу зүйл байдгийг ухаарсан даа.
-Д.Мөнхбаяр багш шавь нартаа аав шиг нь хандаж, ах шиг зөвлөдөг гэл үү?
-Заримдаа найз шиг хандана. Хүндхэн зүйлтэй тулгарвал багштайгаа түрүүлж ярилцдаг. Баяр жаргалтай үедээ ч зориод очно. Тэр бүхэнд шавь нараа нэг л зангаар угтана. Би өөрийн сайнд амжилт гаргаагүй. Миний амжилтад түүний сэтгэл, итгэл, найвар, хичээл зүтгэл, хөдөлмөр их шингэсэн. Намайг хичээллэж байх хугацаанд “Чи бөх болохоор төрсөн хүүхэд. Дэвжээндээ эргээд гар” гэж зориг өгч, урагшлуулсан.
-Азийн аваргад хүч сорихоосоо өмнө жиндээ таарах бөхчүүдийн талаар багштайгаа судалсан гэж бодож байна.
-Учраа таарах магадлалтай бөхчүүдийн барилдааны бичлэгийг үзэж, багштайгаа зөвлөлдсөн. Киргизстан бөхийн өлгий орон. Тамирчид нь хүчтэй. Казахстан, Энэтхэгийн бөхчүүдтэй ч хүч сорих магадлалтай байсан тул сайн тооцоолж, тактик боловсруулаад явсан. Тактиктаа тулгуурлаж бэлтгэл хийсэн минь тэндхийн дэвжээнд бөхчүүдтэй нь гар зөрүүлэхэд их хэрэг болсон. Багш өрсөлдөх бөхчүүдийг судлаад “Тэрбээр өнгөрсөн жил ингэж барилдаад амжилт гаргасан. Барилдааных нь тэр хэсэгт ухаан гаргаж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Довтлох хэрэггүй. Хэрвээ сугадвал нь ингэж барилд. Босоогоос барилдах бол ийм, тийм мэх хий. Өрсөлдөгчдийнхөө зан чанар, сэтгэл зүйн байдлыг ажиглаж судал. Ямар ч үед тайван байх нь чухал. Хэт шатаж барилдаад, алдаа гаргаж болохгүй. Бүтэн жил хөдөлмөрлөсөн цаг хугацаа чинь талаар болно. Азийн дэвжээнд гарах Монголд барилдахаас их өөр шүү. Тэр үед бяр, хүчээ ухаан, мэдрэмж, авьяастайгаа хослуулаарай” гэж захисан. Багшийнхаа зөвлөснөөр барилдаж, Киргизстанд шагналын тавцанд зогссон шүү.
-Бишкек хотод хөл тавихад ямар сэтгэгдэл төрөв. Азийн шилдгүүдээс хүндхэн учраануудтай таарсан харагдсан.
-Тэнд анх хөл тавиад л улсынх нь хөгжил соёл, иргэдийнх нь харилцаа, хандлагаар бахархсан. Эхний тойргоос эхлээд Казахстан, Узбекистаны амаргүй учраатай таарав. Хүрэл медалийн төлөө олимпын V байрт шалгарсан, ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, эзэн орны бөхтэй барилдахдаа давхар хамах мэхээр буулгаж авсан. Бишкекийн дэвжээнд медалиа зүүгээд зогсож байхад эх орон, аав, ээж их бодогддог юм билээ.
-Японы тамирчид бөхийн төрлүүдэд амжилтаараа тэргүүлдэг. Сүүлийн үед хэр судалж байгаагаа сонирхуулаач.
-Тус улсын дэлхийн аварга, олимпоос медаль гардсан алдартай тамирчдыг нь судлахад багаасаа хичээллэж, амжилт гаргаcан байв. Гэтэл бид тэднээс хожуу хөл тавьсан байх жишээтэй. Япончууд Азийнхнаас бөхийн спортод хүчтэй өрсөлдөгч.Тамирчид нь амжилтынхаа чансаагаар дэлхийд тэргүүлдэг хэвээрээ. Монголын бөхчүүдэд тэдний хэмжээнд хүрэх ур чадвар, авьяас, мэдрэмж бий. Даанч төр, засгийн дэмжлэг муу. Спортод тодорхой хөрөнгө зарцуулж, тамирчдаа дэмжихэд анхаарал хандуулахаас эхлээд хөгжинө шүү дээ. Намайг тивийн тэмцээнд оролцуулахын тулд гэрийнхэн найз нөхөд, танил хүмүүстэйгээ уулзаж, цалингаа хагас жилээр зээлсэн. Азийн АШТ-д оролцохдоо зардлаа өөрөөсөө гаргалаа.
-Хүмүүс охидоо бөхийн спорт сонгоход дуртай хүлээж авдаггүй. Та ч бас тийм хандлагатай тулгарсан байлгүй.
-Бэртэл авчихаад хойшдоо яаж бэлтгэл хийнэ дээ гээд уйлахад ээж “Миний охин бөхөөр дахиж хичээллэх хэрэггүй. Чи эмэгтэй хүүхэд. Ирээдүйд эрүүл мэнд чинь чамд хэрэгтэй” гэхэд нь “Үгүй ээ, би чөлөөт бөхөөс холдохгүй, үргэлжүүлнэ” гэж билээ. Тэр үед өөртэйгөө ярилцаж, дотоод сэтгэлийнхээ үгийг сонсохыг хүссэн. Надад сэтгэл доторх хүн “Энэ бол дөнгөж эхлэл. Чи ганцаараа бэртээгүй. Бөхөөр хичээллэдэг тамирчин бүр ийм зүйлтэй алхам тутамдаа тулгардаг. Чи анх яах гэж эхлүүлснээ л санаарай” гэж хэлсэн. Хагалгаанд орсныхоо дараа дэвжээнд бэлтгэл хийхдээ хөндөөд сэдрээчихнэ. Улсын аварга болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад багш миний бэлтгэл хангагч болж, тэмцээнд оролцуулахаар сойсон. Өмнөх жил нь мөнгөн медалиас шүүрч, дараагийн тэмцээнд Архангай аймгийн бөхтэй таарахад дасгалжуулагч нь “Түүний бэртэл авсан гараас нь барь” гэж хэлээд гаргахад тэвчиж барилдсаар ялсан юм. Тэмцээнээ цааш үргэлжлүүлж, Өмнөговийн тамирчинтай барилдахаар болоход багш нь “Наадах чинь саяхан хагалгаанд орсон. Чи заавал ялна шүү” гээд хашхирч байлаа. Гэрийнхэн минь намайг дэмжихээр тэр тэмцээнийг үзэж суухдаа тэдний тэгж хашхирахыг сонсоод санаа нь зовниж суусан гэдэг. Тэр үед надад хэцүү байсан ч шаналж буйгаа харуулахыг хүсээгүй.
-Аваргын төлөө гол өрсөлдөгч болох найз Э.Дэлгэрмаатай таарсан байх аа?
-Тэгсэн. Багш “Миний шавь чадна. Сэтгэл зүйгээ өндөр байлга. Чамайг ялна гэдэг итгэлтэй байна. Түүнийг давхар хамахад нь хамгаалаарай” гээд дэвжээнд гаргасан. Түүнийг сугадаж шидээд цэвэр дарж, цаг дуусахаас өмнө хожиж, улсын аварга болж байлаа. Өөрөөсөө гарамгүй тэвчээр гаргаж, медалийн тавцанд зогссоноо хэзээ ч мартдаггүй. Өрсөлдөгчдийг маань судалж, тал бүрээс нь “уншдаг” багшийн мэргэн ухаан, гярхай зан амжилтад нөлөөлдөг. Хэрвээ бэртэл аваагүй бол өдийд дэлхийн аваргад хүч үзэх байлаа. Одоо зогсолтгүй урагшилна, өдөр бүр бэлтгэлээ хариуцлагатай хийж, өмнөхөөсөө илүү амжилт гаргахаар зорьсон. Тиймдээ ч миний амжилтын төлөө хамт зүтгэсэн олон хүний итгэлийг алдахгүйг хичээдэг. Би өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай. Багштайгаа өдөр бүр харилцаж, зааж, зөвлөсөн болгоныг нь бичиж тэмдэглэдэг.
-Азийн аваргад алдартай бөхчүүдтэй таарахдаа сандарч эмээв үү?
-Тив, дэлхийн аваргатай таарсан ч алдар нэртэй нь бус, өөртэй нь барилдана гэж боддог. Тэднийг ялахын тулд сэтгэл зүйгээ өндөр байлгасан. Миний давуу тал хөл. Хөлөндөө бяртай. Бэлтгэл хийснийхээ үр дүнг медаль хүртэж харуулахыг хүссэн. Тэр мөрөөдлөө амжилтаар эхлүүлсэн гэж боддог. Энэ ташрамд, монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг баяр, наадмын өмнө спорт сонирхогчидтой уулзаж буйдаа сэтгэл өндөр байна. Дүүргийнхээ иргэдэд наадмын бэлэг болгож Азийн аваргаас медальтай ирж баярлуулсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баярыг хамтатган хийж буй наадамд налайхчууддаа болон чөлөөт бөхөөр хичээллэдэг тамирчдад, мөн гэр бүл, ах дүүс, амжилтад хөтөлсөн ачтай багш, дэвжээний хамт олон, найз нөхдөдөө баярын мэнд дэвшүүлье, сайхан наадаарай.
Бэлтгэсэн Г.Батцэцэг