Инфляц, үнийн өсөлтөөс иргэдэд ирж буй дарамтыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай 34 дүгээр тогтоолын хүрээнд орон даяар тандалт судалгаа хийлээ. Эдийн засаг агшиж, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөс иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин буурсан, ядуурал, тэгш бус байдал гаарсан талаар хаа сайгүй хөндөж байна. Үүнд анхаарал хандуулах ёстой. Инфляцын түвшин жилийн өмнө 6.2 хувь байсан бол өдгөө улсын хэмжээнд 15.1, Улаанбаатарт 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төвбанкны зорилтоос давсан төдийгүй сүүлийн 10 жилд тохиогоогүй өндөр өсөлт. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болж байна. АИ-92, АИ-95 шатахууны үнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад литр тутамдаа 1.6 дахин нэмэгдсэн нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаануудын нэг болсон. Ирэх намар буюу оны эцэст үнийн өсөлт хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж буй. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Тус ажлын хэсгийнхэн Гол нэр, төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, инфляц бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг судалж, саналаа УИХ-д танилцуулна. Мөн бодлогын хүүг нэмэх, Төвбанкны зарим хөтөлбөрийг хумих боломж бий, эсэхийг судлах, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээ авах санал боловсруулах, халамжийн бодлогыг эргэн харж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийн, холбогдох хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барих чиглэлээр ажиллана” гэв.
Бэлтгэсэн Ж.Сувд