Мөнгө яаралтай хэрэг болоход хүнээс хайх шаардлагагүй болгосон хамгийн ухаалаг үйлчилгээ бол аппликэйшний зээл. Манай гэр бүл аппликэйшнээс дөрвөн сая төгрөг зээлэн, цахим дэлгүүрээс цахилгаан хэрэгсэл авсан. Ингэхэд ердөө 20 орчим минут зарцуулж, хүргэлтээр бараагаа авсандаа сэтгэл хангалуун байгаа. Зээлийн сарын хүү 2.7 хувь бол хугацаа нь 18 сар” хэмээн нэгэн бүсгүй сэтгэл өндөр буйгаа илэрхийллээ.
“Тогтмол орлоготой хэн ч аппликэйшний зээл авч болно. Өмнө нь мөнгө зээлэх хүн хайж, эсвэл барьцаалан зээлдүүлэх газарт ханддаг байсан бол одоо гар утас байхад л хангалттай. Манай байгууллагад ББСБ-ын мэргэжилтүүд ирж мэдээлэл хийн, 30 орчим ажилтанд аппликэйшнээс мөнгө зээлэн, урьдчилгаа төлбөргүйгээр бараа худалдан авах боломж олгосон. Мөн тус аппликэйшнээс бэлэн мөнгө ч авч болно” хэмээн төрийн өмчит үйлдвэрийн газрын нэгэн ажилтан өгүүлэв.
Банкны ажилтан М-ийн гар утсанд хүү бага, ямар ч шалгуургүй зээлийг гурван минутад авах аппликэйшн татах заавар ирээд байжээ. Тэр нь хувь хүний хариуцлагатай зан төлөвийг хэмжих аргачлалыг хиймэл оюун ухаантай хослуулан санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлнэ гэх зэрэг тайлбартай байв. Тэрбээр уг аппликэйшнийг татан авч, цалин нь буух хараахан болоогүй үед болон бусад нөхцөлд зээл авсаар хоёр жил гаруйн хугацаанд ашиглаад устгасан байна. Учир нь төрсөн өдрийн баяр тэмдэглэх, хямдралтай бараа, бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор хоёр жилийн хугацаанд нийт хоёр сая орчим төгрөг зээлснээ тооцсон бөгөөд харин хүүнд нь нэг сая гаруй төгрөг төлжээ. Санхүүгийн сахилга батгүй, тоомжиргүй байдал нь ийн өндөр хүү төлөхөд хүргэснийг тэрбээр ойлгосон гэнэ. Өмнө нь банкуудын санал болгодог кредит карт ашиглан, мөнгөө бодлогогүй үрж байсан “туршлага”-тайгаа ч хуваалцсан. Түүнчлэн зээлийн аппликэйшн хөгжүүлэгчид нь “хиймэл оюун ухаан ашигладаг, хувь хүний зан чанарыг үнэлдэг” гэх мэт сурталчилгаа хийдэг боловч үнэн хэрэгтээ санхүүгийн чадвартай, тогтмол цалин орлоготой иргэдийн мэдээллийг цуглуулан, дата үүсгээд тэдэнд зориулсан зээлийн үйлчилгээ санал болгодгийг М тодотгосон юм.
Цахим зээлийн үйлчилгээг Монголд анх 2018 онд нэвтрүүлж, банк бус санхүүгийн байгууллагынхан түүнийг олгож эхэлсэн. Энэ үеэс ББСБ-ын салбарын ашигтай ажиллагаа улам бүр нэмэгдсээр, сүүлийн таван жилийн хугацаанд 229 хувиар өсөж, эл салбарын цэвэр ашиг 2021 онд 210 тэрбум төгрөгт хүрчээ. Дижиталаар зээл олгодог банк бус санхүүгийн зөвхөн нэг байгууллагын цэвэр ашиг гэхэд өнгөрсөн жил 19 тэрбум төгрөгт хүрч салбарын нийт ашгийн есөн хувийг бүрдүүлсэн байна. Ийн ашигтай ажиллаж буй нь зээлийн хүү өндөр буюу сарын жигнэсэн дундаж хүү нь гурав байгаатай холбоотой. Тодруулбал, дээр дурдсанчлан дөрвөн сая төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж, цахилгаан бараа авсан иргэн хүүгийн төлбөрт сард 108 000, нийт 1 944 000 төгрөг төлнө гэсэн үг. Энэ нь дөрвөн сая төгрөгийн бараг 50 хувь юм. ББСБ-ууд ийм өндөр хүүтэй зээл гаргаж буй учраас л технологио сайн хөгжүүлж, үйлчилгээгээ улам хялбаршуулж, иргэд тус байгууллагыг сонгох нөхцөл бүрдүүлсээр байгаа хэрэг.
Манай улсад ийм байгууллагуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, ямар нэгэн зохицуулалт хийх хууль, журам байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн газрын мэргэжилтэн хэлэв. Тэрбээр “ББСБ-ууд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг ч олгож буй зээлийн хүү болон хугацааг зохицуулах журам, дүрэм байхгүй. Нэг талаас хэрэглэгч, нөгөө талаас үйлчилгээ байгаа учраас л финтек зээлийн хэмжээ өсөөд байгаа хэрэг. 2021 онд онлайнаар 1.3 сая гаруй иргэн, 2022 оны нэгдүгээр улиралд 1.9 сая хүн зээл авсан нь ББСБ-ын нийт зээлдэгчийн 75-80 хувь болсон. Зээлдэгчид ямар нэгэн байдлаар хохирсон гэсэн гомдол ирүүлээгүй. Түүнчлэн зээлийн аппликэйшн шинээр нэвтрүүлэхээр хөгжүүлж буй есөн аж ахуйн нэгж байна. Хэрэв дижитал зээл олгогчид олон болвол хүү нь буурах нэг нөхцөл болох боломжтой” гэсэн юм. Тэгвэл Монголбанкнаас “Финтекийн үйлчилгээ улам бүр боловсронгуй болж, хүртээмж нь өсөж буй нь нэг талаас санхүүгийн салбарт, иргэдэд өгөөжтэй гэж болно. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрэлтийг хангаж буй нэг хэлбэр. Гэхдээ зарим иргэн санхүүгийн боловсрол муутайгаас орлогоо төлөвлөлгүй зарцуулах улмаар өндөр хүүтэй зээл авч эрсдэлд өртөн, найдваргүй зээлдэгч болох магадлалтай. Одоогоор ББСБ-аас олгож буй дижитал зээлийн хэмжээ бага учраас ноцтой зүйл ажиглагдахгүй байна. Хэрэв зээлийн хэмжээ нэмэгдэн, үйлчлүүлэгч улам бүр өссөөр байвал найдваргүй зээлдэгчид бий болж, санхүүгийн салбарт эрсдэл учирч болзошгүй” гэлээ.
Манай улсад арилжааны банкны дундаж хүү 2021 онд жилд 15.5 хувьтай байж өмнөх оныхоосоо нэг орчим нэгж хувиар багасжээ. Ипотекийн хөтөлбөрийн зээл зургаан хувьтай байгааг бид мэднэ. Гэтэл ББСБ-уудын олгож буй зээлийн хүү эдгээрээс 2-5 дахин өндөр. Мэдээж иргэд хүү багатай зээл авах сонирхолтой ч банкуудын эх үүсвэрийн хүртээмж тааруу, барьцаа хөрөнгөгүй зэрэг шалтгаанаас болж санхүүжилт олддоггүй. Тиймээс өндөр хүүтэй зээл авсан хэвээр. Магадгүй утсаараа зээл авч ухаалаг хүүлэлтэд өртөх нь ихэссэн гэсэн үг. Мөн аппликэйшний зээл нь өдрийн зээл олголтын “соёлтой хэлбэр” гэж болно. Өдрийн зээл буюу өдрөөр хүүг нь тооцдог, нэг сараас ихгүй хугацаар хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг жишиг манайд бий. Гол төлөв хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиглэн болон гар дээрээс наймаа хийдэг хүмүүс ийм зээл авдаг. Гэхдээ үүнийг авахын тулд орлогоо нотолсон баримт, түрээсийн гэрээ, дансны хуулга зэргийг үзүүлдэг. Тэгвэл аппликэйшний зээл бий болсноор олон зүйл бүрдүүлэх шаардлагагүй болжээ. Олонх иргэн интернэт банк ашиглаж хэвшсэнээс төлбөр тооцооных нь дата ил болж, аппликэйшн хөгжүүлэгчид хянахад хялбар болсон бололтой. Ташрамд дурдахад, ББСБ-ын олгосон зээлийн хэмжээ 2021 онд хоёр их наяд төгрөгөөс давсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1.2 их наядад хүрчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн нэгдүгээр улиралд 2.3 их наяд төгрөг байсан нь жилийн өмнөхөөс 900 тэрбумаар нэмэгдэн, сүүлийн дөрвөн жилд 2.5 дахин өссөн дүн болов.
Бэлтгэсэн С.Цэрэндулам