Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ уржигдар, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны танхимд болж өндөрлөлөө. Эхний өдөр бөхчүүд гал гарсан сонирхолтой барилдаан өрнүүлж, үзэгчдийг огшоосон. Тэднээс эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга нар шөвгийн наймд учраа таарсан. Хоёр жилийн өмнө улсын аваргын хагас шигшээд таарч, хүч сорьсон Т.Түвшинтулга 4:4-өөр ялсан бол энэ удаа өрсөлдөгчөө 9:5-аар дахин илүүрхэв. Олны тааварласнаар 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах нар хагас шигшээд шалгарснаар энэ жил гурав дахь удаагаа таарч байна. Тэд өгөө, аваатай хүч сорьдог. Даагаа нэхэх барилдаанд Ц.Цогбадрах түүнийг 4:1-ээр хожиж, есдүгээр сард Сербийн Белград хотод болох дэлхийн аваргад зодоглох эрхтэй боллоо. 74 кг-д мөн л сонирхолтой барилдаан болсон. Улсын хошой аварга З.Сумъяабазар Баянхонгор аймгийн Э.Бямбадоржид 2:3-аар хожигдон тэмцээнээ өндөрлүүлж, улсын аварга Б.Бямбадорж О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан ч хүрэл медалиас атгасан юм. Хагас шигшээд Э.Бямбадорж “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдсан нь түрүүлнэ гэж бодсон олны таамгийг будилуулж орхив. Тэрбээр энэ удаа хүрэл медальтай харих нь. Дэвжээнд ид барилдаж буй залуусаас О.Сүлдхүү, Б.Сандуйжадамба нар жиндээ аваргын төлөө анх удаа өрсөлдсөн. О.Сүлдхүү учраагаа 4:2-оор ялж, шагналын тавцанд алтан медаль зүүсэн юм. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын барилдаанд хилийн дээс алхдаг шилдгүүд зодоглодог тул бөхийн хорхойтнуудын сонирхлыг татдаг. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, Токиогийн олимпын V байрын шагналт Б.Хонгорзул нар тойргоор барилдаж, С.Цэрэнчимэд өрсөлдөгчдөө буулгаж авснаар зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022) улсын аваргаар шалгарч, Сербийн Белградыг зорих нь. Энэ удаа Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой, З.Занабазар (57), Н.Наранхүү (61), О.Сүлдхүү (74), Ө.Пүрэвсүрэн (65), Э.Дэлгэрмаа (68), Э.Даваанасан (72) Г.Ариунжаргал (76) нар анх удаа улсын аварга болж байна. Түрүүлсэн бөхчүүд ДАШТ-д хүч сорих бол амжилттай барилдсан тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм.
Бэлтгэсэн Г.Батцэцэг