Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 19-нд явуулах орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тус хороо хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, шийдвэрээ холбогдох шатны ИТХ-д хүргүүлж, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулах ажиллагааг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангаж ажиллаж буй аж. Тус сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.1, 28.2-т заасны дагуу энэ сарын 5-11-ний өдрийг дуустал явуулсан байна. Дээрх хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод нийт 52 мандатад 94 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 49 нь МАН, 37 нь АН-аас, найм нь бие даан нэр дэвшигч аж. Улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийг явуулах юм.