Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил, “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” зохион байгуулагдсан билээ.
Энэхүү чуулга уулзалттай уялдуулан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Төрмөнх болон тус ангид томилолтоор ажиллаж байсан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр нар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ангийн бүрэлдэхүүнд ажиллагааны газар орны онцлог, үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамжаа хуваалцаж, “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” болсон талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Мөн өдгөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдынхаа ар гэрийнхэнтэй уулзан, санал сэтгэгдлийг сонсож, хүүхэд багачуудад нь гарын бэлэг гардуулан өглөө. Хурандаа Ц.Төрмөнх энхийг сахиулагчдын ар гэрийнхэнд хандаж “Таны хань үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулагчдын өдөр бол нэг талаасаа ч та бүхний баяр. Яагаад гэхээр алба хаагчдыг үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд та бүхний сэтгэлийн дэмжлэг маш чухал юм шүү” хэмээн талархал илэрхийллээ гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.