"ХҮҮХДЭД_ЭЭЛТЭЙ_МОНГОЛ" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болж байна. Энэхүү чуулганаар бүх, яам агентлаг олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар салбар хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг чуулганы хүрээнд хэлэлцэн хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нэгдсэн шийдэл, санал, зөвлөмж гаргах юм.
Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг угтаж, аймгууд орон нутгийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх гарц шийдлийг бүсчилж танилцуулж байна.
Баруун бүс-Суманд гэр бүлийн асуудал хариуцсан орон тоотой болох, Ховд их сургуульд сэтгэл судлаачдыг бэлтгэж, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оролцооны чуулганаас гарсан уриалгыг хэрэгжүүлж, Баруун бүсийн аймгууд 2023 оныг Гэр бүлийн жил болгох зэрэг олон шийдлийг хэлсэн.
Хангайн бүсийнхэн хүүхдийн хөгжлийн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Улмаар хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, ажилтан, гэр бүлд ээлтэй байх, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шийдлүүд танилцууллаа.
Төвийн бүсийн онцлог нь төмөр зам, газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл зонхилсон. Сургууль, цэцэрлэгийн бие засах өрөөг нэг стандартад оруулсан бөгөөд одоо сургууль дээр хүүхэд хувцас солих өрөөг шийдвэрлэх шаардлагатайг дуулгав. Энэ бүсэд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ажилтны хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байдаг гэнэ. Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж, ажилтны өдөр өнжүүлэх төвийг байгуулах, хүүхэд хамгааллын бодлогыг бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх, хүүхдийн эмнэлэгийн орчин нөхцлийг сайжруулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээг дэмжих хэрэгтэй зэрэг асуудлыг хөндөв.