Жендерийн тэгш байдлыг хангах, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний тоог нэмэх нь ОУОХ-ны үндсэн бодлогуудын нэг. Үүнтэй нийцүүлэн МҮОХ дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Гишүүдийн хурлын үеэр дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсны нэг нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хоёроос доошгүй нь эмэгтэй байх заалт байв. Энэ өөрчлөлтийг баталснаар тус хорооны Гүйцэтгэх зөвлөл эмэгтэй гишүүнтэй болох нь. ОУОХ-ны 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэхээр тусгасан билээ. Тухайлбал, 2013 онд 21 хувьтай байсан дээрх хорооны гишүүдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувийг 38-д хүргэхээр төлөвлөсөн аж. Энэ зорилго өдгөө биелж, ОУОХ-ны гишүүдийн 47.7 хувь нь эмэгтэйчүүд болжээ. Оролцогчдын 48.8 хувь нь эмэгтэйчүүд байснаар “Токио-2020” жендерийн тэгш байдалд хамгийн ойртсон олимп болсон юм. Түүнчлэн “Лондон-2012” олимпын наадамд холимог хосын тэмцээний тоо найм байсныг “Парис-2024”-т 24 болгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг