“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Монголд анх удаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус БНХАУ-аас импортлон авчирлаа. Тус үйлдвэрийн газар нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, 46 ширхэг автобусаар парк шинэчлэл хийх төслийг 2020 оноос эхлүүлжээ. Үүний хүрээнд өнгөрсөн жил цахилгаан хөдөлгүүртэй, 36 ширхэг дан автобус импортлон авчирч, үйлчилгээнд гаргасан. Үлдсэн 10 автобус нь хоёр давхар байх захиалга өгсөн байжээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь Хөгжлийн банкны 17.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цахилгаан хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэл хийж буй аж. Дэлхий дахинд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй. Тус үйлдвэрийн газар дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн цахилгаан автобусаар парк шинэчлэл хийх шийдвэр гаргажээ. Цахилгаан автобусны ашиглалтын зардал дизель хөдөлгүүртэйгээс 10 дахин бага байдаг гэнэ.