Хөгжлийн бэрхшээлтэй болон бусадүүхдийн хамтарсан гүйлтийн тэмцээнийг “Ахиллис Монголиа” төрийн бус байгууллагын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг. Эл тэмцээн өнгөрсөн ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Хүүхэд, багачуудын сэтгэл зүйг дэмжих, тэдэнд итгэл өгөх, бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэ гүйлтэд тусгай хэрэгцээт 250 гаруй, сайн дураараа дэмжихээр ирсэн мөн тооны гээд нийт 500 гаруй хүүхэд оролцож, хурд сорьсон юм. Энэ арга хэмжээнд НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг цагдаагийн 60 гаруй алба хаагч сайн дураараа оролцон, аюулгүй байдлыг нь хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гараанаас бариа хүртэл гүйхэд нь хөтөч хийж, хөгжөөн дэмжиж хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэв.
“Ахиллис Монголиа” байгууллагынхан тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусдын адил гүйж чадна шүү гэдгийг ойлгуулах үүднээс зургаа дахь жилдээ энэ тэмцээнийг зохион байгуулсан юм. Спортоор дамжуулж хүүхдүүдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, нийгэмд идэвхтэй иргэн болоход нь дэмжиж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэ аж.
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд бүр бүх боломжийг ижил тэгш хүртэх ёстой. Таны хүүхэд ямар нэгэн бэрхшээлээс болж ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгахын төлөө хамтдаа хичээж, боломжтой бүх зүйлийг хийгээрэй” гэж энэ үеэр зохион байгуулагчид нь уриалсан юм.