АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Азийн орнуудаар айлчилж буй. Тэрбээр Сөүлд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльтой хийсэн хэлэлцээний үеэр талууд батлан хамгаалах, эдийн засгийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа, Умард Солонгос, Хятад болон Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцав. Хэлэлцээний дараа хоёр удирдагч хамтарсан мэдэгдэл гаргаж, хэвлэлийн бага хурал хийлээ.
БНАСАУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН
Ж.Байден, Юн Сок Ёль нарын уулзалтын гол сэдвүүдийн нэг нь БНАСАУ болон Солонгосын хойгийн нөхцөл байдал байв. АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчид БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгааг онцлоод, Пёньяныг хэлэлцээний үйл явцдаа эргэн орохыг уриаллаа. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах нийтлэг зорилтоо дахин нотолж, энэ асуудлаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцов. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр нь Солонгосын хойг, Ази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэж хоёр Ерөнхийлөгч онцолжээ.
Түүнчлэн Ж.Байден, Юн Сок Ёль нар энэ оны эхнээс БНАСАУ-д пуужингийн туршилтын тоо нэмэгдсэнийг буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхийг Пёньянаас шаардлаа. Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэлдээ мөн Умард Солонгосын асуудлаар Японтой хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэжээ. Мөн хамтарсан мэдэгдэлд, коронавирусийн дэгдэлттэй тэмцэхэд БНАСАУ-д туслахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдав. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахад бэлэн буйгаа Ж.Байден хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛИЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛНЭ
Цар тахлын улмаас цар хүрээ нь эрс хумигдсан цэргийн хамтарсан сургуулилалтаа эрчимжүүлэхээр Өмнөд Солонгос, АНУ тохиролцжээ. Хамтарсан сургуулилалт нь батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг Юн Сок Ёль онцлон тэмдэглэв. Зэвсэг, техник нийлүүлэх замаар БНСУ-ын тогтоон барих хүчийг зузаатгахад бэлэн байгаагаа Ж.Байден нотоллоо. Энэ асуудлаарх зөвлөх хэсгийн ажлыг дахин эхлүүлэхээр төлөвлөж буйгаа талууд мэдэгдэв.
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАСАЛДАЛ ЭДИЙН ЗАСАГ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ
Ж.Байдены айлчлалын бас нэг чухал сэдэв нь эдийн засгийн аюулгүй байдлын асуудал байв. Өмнөд Солонгосын удирдагчийн тайлбарласнаар нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. АНУ-ын санаачилсан Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээр байгуулахаар төлөвлөж буйгаа Юн Сок Ёль хэвлэлийн бага хурлын үеэр зарлав. Уг төслийг АНУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс Хятадыг хасах гэсэн оролдлого хэмээн олон шинжээч үзэж байна.
Хоёр удирдагч батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа хамтарсан үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа өргөжүүлэхээр тохиролцов. Мөн хагас дамжуулагч, цөмийн эрчим хүч, сансар огторгуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ Сөүл, Вашингтон амлав. Хоёр орны нийлүүлэлтийн сүлжээг гаднын нөлөөллөөс хамгаалахын тулд харилцан хөрөнгө оруулах нь чухал болохыг Ж.Байден тэмдэглэжээ.
Үүний сацуу дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн болон дэлхийн хэмжээний олон асуудлыг хөндөв. Америкийн удирдагчийн хэлснээр ОХУ-аас Украинд дайн дэгдээснийг буруушаах талаар АНУ, Өмнөд Солонгос эв санаа нэг байна. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын сацуу Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийг нээлттэй, чөлөөтэй байлгахын чухлыг хоёр Ерөнхийлөгч онцолжээ.
Бэлтгэсэн. З.Амгалан