Э.ХАНА ДЭМБ-аас энэ сарын 13-нд сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн талаар мэдээлж байсан бол өчигдрийн байдлаар Австрали, Америк, Бельги, Британи, Герман, Испани, Итали, Канад, Нидерланд, Португал, Франц, Швед, Швейцар зэрэг 13 улсад тархаад буй аж. ХӨСҮТ-ийн мэдээллээр бол Ази, Номхон далайн бүсийн гурван улсад эл өвчин бүртгэгджээ. ДЭМБ-ын онцолсноор сармагчны цэцэг өвчин нь нутагшмал биш, дэгдэлт байдлаар илэрсэн бөгөөд тархалт нь илүү олон улсыг хамрах магадлал өндөр аж. Энэ нь амьтнаас, ялангуяа мэрэгчдээс хүнд халдварладаг, вирусийн гаралтай өвчин. 1958 онд анх сармагчнаас илрүүлсэн эл вирус бүтэц болон шинж чанараараа хүний цэцэг өвчин үүсгэгчтэй төстэй. 1970 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж, 33 жилийн дараа буюу 2003 онд Америкт илэрсэн аж. Арьсан дээр усархаг тууралт гарч, халуурах, толгой өвдөх, эргэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүсгэгч нь поксвирусийн бүлийнх. Өмнө нь Нигери (2017- 2019), Британи (2018, 2021), Сингапур (2019)-т сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж байв. Энэ удаагийн дэгдэлтээс өмнө эл вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол гараагүй юм байна. Уг өвчин агаар дуслын замаар, өвчтөний эд зүйлсээр халдварлах эрсдэлтэйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлж байна. Тиймээс гараа тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч хэрэглэх, вирус тээж болзошгүй амьтны мах идэх, хүрэхээс зайлсхийхийг ДЭМБ-аас зөвлөмж болгожээ. Сармагчны цэцэг өвчний халдварын шинж тэмдэг 2-4 долоо хоногт үргэлжилдэг бөгөөд хүүхдүүд хүндрэх нь элбэг гэнэ. Өнөөгийн байдлаар үүнийг хүний цэцэг өвчнийхтэй ижил зарчмаар эмчилж байгаа аж.