Хаврын тариалалтын ажил хэвийн үргэлжилж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 3-наас улсын хэмжээнд төмс, хүнсний ногоо, улаан буудай болон бусад таримлын тариалалтыг эхлүүлсэн байна. Өчигдрийн байдлаар 25 000 га талбайд улаан буудайн, 600 га-д төмс, хүнсний ногооны үр суулгасан гэнэ. Хүнсний зарим ногооны үрсэлгээ бойжуулах ажил хийгдэж буй бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалж ирэх сарын эхний долоо хоногт багтаан хөрсөнд шилжүүлэх аж. Түүнчлэн энэ хавар бүх төрлийн таримлын үрийн нөөц хангалттай бий бөгөөд аж ахуйн нэгжүүд 30 хувийн урьчилгаа төлж үр авах боломж бүрдүүлжээ. Үүнээс гадна хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгох болсонтой холбоотойгоор тариаланчдыг бүртгэлжүүлэх, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ цахимаар олгох ажил эхлүүлснийг ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээлэв. Тэрбээр “Тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, улмаар ургацыг өсгөх нь бидний зорилт. Энэ хүрээнд хүнсний ногоо тарих талбайг өнгөрсөн жилийнхээс 250 га-гаар өсгөхөөр ажиллаж байна. Мөн нарийн ногооны нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд өвлийн сард 20.00-06.00 цагт цахилгааны хөнгөлөлт үзүүлж байсныг 18.00-06.00 цаг болгосон. Тариалалтыг энэ сарын сүүлийн долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй” гэлээ.