Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас “Хувийн болон Нийтийн эрх зүйн уялдаа холбоо, онол практикийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн 10 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид 30 гаруй илтгэл, өгүүлэл ирүүлснээс үндсэн 6 илтгэлийг сонгож, хэлэлцүүлсэн байна.
“Эрх зүйн шинэтгэл-II”, “Алсын хараа-2050” зэрэг Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд хувийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн. ХЗДХЯ-аас хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлж буй энэ үед манай Их сургууль энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй нь ихээхэн ач холбогдолтой юм.
Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт “Хувийн болон Нийтийн эрх зүйн уялдаа холбоо, онол практикийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж, хувийн эрх зүйн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж байгаа өнөө үед тус хурлаас гарах санал, санаачилгууд нь ихээхэн хувь нэмэр оруулж, уг хурлын онол, практикийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийг онцлов. Тус хуралд ирүүлсэн илтгэл, хурлын явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн эмхэтгэж олны хүртээл болгох юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар ЭЗНУС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг “Монгол Улс дахь Хувийн эрх зүйн хөгжил өнөөгийн байдал” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Хувийн болон Нийтийн эрх зүйн уялдаа холбоо, хамаарал-өрсөлдөөний тухай хууль ба бусад хуулийн уялдаа холбоо” сэдвээр, Санхүү, эдийн эдийн засгийн их сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор С.Энхбаяр “ИХШХШ ажиллагаанд оролцох талуудын зарчим, шүүхийн оролцоо” сэдвээр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач Д.Гантуяа “Пропорциональ зарчим Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргахад нөлөөлөх нь” сэдвээр, Шихихутуг их сургуулийн НЭЗТ-ийн ахлах багш Д.Одонтуяа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль ёсны байдал” сэдвээр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн ахлах багш Т.Мөнхдалай “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг буцах ажиллагаа буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.