Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
Хуулийн төслүүдийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өгөв.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм.Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана.
Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.