Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл”-ийг тогтоох судалгааны ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран өнгөрсөн онд зохион байгуулсан.
Судалгааг ажлын хэсгийнхэн цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг илрүүлэн үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлс үүдэн гарах үр дагаварыг судлан тогтоож, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, санал, зөвлөмж дэвшүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн.
Тус ажлын хүрээнд “Цэргийн албанд мөрдөгдөж буй хууль тогтоомж тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээний үүднээс шинжлэх нь”(бодлогын судалгаа), “Цэргийн анги, байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл” (хавтаст хэргийн судалгаа), “Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн үнэлгээ” (социологийн судалгаа) гурван багцад хийсэн судалгааны ажлаараа холбогдох төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Комиссын гишүүн Б.Энхболд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судалгаа, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал Хууль тогтоомж болон социологийн судалгаа, ХХЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа Х.Жамсрандорж Хил хамгаалалтыг техник, технологиор хамгаалах бодлого, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ сэдвээр танилцуулга мэдээлэл хийв.
Энэ асуудлаар Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд танилцуулах юм.