Шведийн Засгийн газар өчигдрөөс эхлэн коронавирусийн эсрэг тогтоосон бүх хязгаарлалтаа цуцлав. “Цар тахал хараахан дуусаагүй ч цоо шинэ үе рүү орж байна” Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ. Энэ шийдвэрийг Шведэд дархлаажуулалт өндөр хувьтай байгаатай холбон тайлбарлав. Мөн тус улсад хүндээр өвчлөх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэх хүний тоо багассан гэнэ. Үүнээс гадна мэргэжилтнүүд коронавирусийн талаар илүү ихийг мэддэг болжээ. Ерөнхий сайдынх нь хэлснээр “Халдварын түвшин хэсэг хугацаанд өндөр хэвээр байх ч сөрөг үр дагавар нь ард хоцорсон байна”.
Энэ сарын 9-нөөс олон нийтийг коронавирусийн шинжилгээнд хамрагдах биш, харин ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ байхыг уриалж, эмнэлгийн болон нийгмийн ажилтнуудад шинжилгээ хийлгэхийг санал болгож байна.
Шведийн эрх баригчид эдгээр хязгаарлалтыг цуцлахаас гадна тус улсад нэвтрэх хоригийг цуцлав. Лхагва гаргаас эхлэн Скандинавын орнууд, Европын Холбоо болон Европын эдийн засгийн бүсийн оршин суугчид “Ковид-19”-ийн паспортгүйгээр хил нэвтрэх боломж нээгджээ. Бусад орны хувьд тус улсын хилээр нэвтрэхийг хориглох хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгасан байна.
Тус улсын хөрш Финланд энэ сарын 14, Норвег 17-ноос хязгаарлах бүх арга хэмжээгээ цуцална. Европын орнуудаас хамгийн түрүүнд Дани тийм шийдвэрээ цуцалсан билээ. Данийн оршин суугчдын 80.9 хувь нь вакцины хоёр, 61.2 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна.