Оросын арми Өмнөд цэргийн тойрог болон Беларусийн нутаг дэвсгэрт томоохон цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Мөн Газар дундын болон Хар тэнгист сургуулилалт хийхээр бэлтгэж байна. Энэ бүхэн Москваг дайнд бэлтгэж байна хэмээн сэжиглэж буй хөрш Украин болон Өрнөдийн орнуудтай хийж буй харилцаа хямралтай үед болж байгаа юм.
ОХУ-ын өмнөдийн найман бүс нутаг (Волгоград муж, Ставрополийн хязгаар, Адыгей, Чечень, Дагестан, Карачаево-Черкесс, Умард Осети, Ингушет), мөн хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз болон Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын цэргийн 15 талбайд сургуулилалт болж байна. Түүнчлэн 2014 онд ОХУ-д эргэн нэгдсэн Крымд тэнгисийн цэргийн сургуулилалт болох нь. Хар тэнгист болох сургуулилалтад Умард болон Балтын флотын хөлөг онгоцнууд оролцох гэнэ. Энэ нь Өмнөд цэргийн тойрогт сүүлийн үед хийж буй анхны сургуулилалт биш юм. Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө тэнд 6000 орчим цэргийн алба хаагч, байлдааны нисэх онгоцнууд оролцсон сургуулилалтууд болсон.
Беларусь улсад “Холбоотны шийдэмгий байдал-2022” том хэмжээний сургуулилалт үргэлжилж байна. Өнөөдрөөс идэвхтэй үе нь эхэлнэ. Түүнчлэн энэ сарын 20-ноос Оросын Тэнгисийн цэргийн дөрвөн флот бүгд, мөн Каспийн флотын цуврал томоохон сургуулилалт болох юм. Үүнд 140 усан болон хөлөг онгоц, 10 мянга гаруй цэргийн алба хаагч оролцохыг БХЯ-наас нь мэдээлэв. Өнгөрсөн сарын сүүлчээр Хар тэнгист Умард болон Балтын флотын 20 орчим хөлөг онгоц байлдааны буудлагатай сургуулилалт хийж дууссан байна.
Оросын Дорнод цэргийн тойргийнхныг төмөр замаар Беларусь руу илгээжээ. Тус улс руу “Су-35” сөнөөгч, “Су-25СМ” довтолгооны онгоц, алсын болон дунд тусгалын зенитийн пуужингийн “С-400”, ойрын тусгалын “Панцирь” систем илгээсэн гэнэ. Мөн мотобуудлагын бригадыг шилжүүлжээ. Сургуулилалтын үеэр “Ту-22М3” бөмбөгдөгч онгоцнууд эргүүл хийнэ. Сургуулилалт нь зөвхөн батлан хамгаалах зорилготой гэж ОХУ болон Беларусь мэдэгдэж байна. Гэвч үүнийг Украин руу довтлох Оросын бэлтгэл ажлын нэг хэсэг байж болзошгүй хэмээн Өрнөдийнхөн сэжиглэж буй.