Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте шинээр сонгогдсон Төрийн тэргүүнд халаагаа өгч, ирэх гурав, эсвэл дөрөвдүгээр сард албан ёсны өргөөгөө орхиход бэлэн буйгаа мэдэгдэв. Өдгөө 76 настай тэрбээр Үндсэн хуульдаа заасны дагуу Ерөнхийлөгчийн албан тушаалыг улиран хаших боломжгүй юм.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өчигдөр эхэлсэн бөгөөд филиппинчүүд ирэх тавдугаар сард саналаа өгнө. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч агсан, 20 гаруй жил төрийн эрх барьсан Фердинанд Маркосын хүү, сенатч асан Фердинанд Ромуальдес Маркос, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Р.Дутертегийн дарангуйллын бодлогыг шүүмжлэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч Лени Робредо, Манила хотын захирагч, жүжигчин Франциско Домагосо, сенатч, мэргэжлийн боксын тамирчин асан Мэнни Пакьяо нарын дөрвөн нэр дэвшигчийг гол өрсөлдөгчөөр нэрлэж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөндөж байгаа гол сэдвүүдэд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотойгоор байдал хурцадсан үед Хятадтай хэрхэн харилцах, мансууруулах бодисын эсрэг тэмцэл зэрэг асуудал гол байр суурь эзэлж байна. Сонгогчдын дунд явуулсан санал асуулгуудыг Ф.Маркос тэргүүлж буй гэнэ.