ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Төрийн тэргүүн Эммануэль Макрон нар Москвад уулзаж, Украины эргэн тойронд үүсээд буй хямралын талаар хэлэлцлээ.
Украиныг НАТО-д элсүүлснээр цэргийн сөргөлдөөн үүснэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрбээр үүнийгээ Европын орнууд Крымийг Оросынх хэмээн хүлээн зөвшөөрдөггүй, Киев цэргийн аргаар тус хойгийг эгүүлэн авах гэдэгтэй холбон тайлбарлалаа.
“Европын орнууд, тэр дундаа Франц Крымийг Украины нэг хэсэг гэж үздэг. Харин бид ОХУ-ын нэг хэсэг гэдэг. Хэрэв энэ байдлыг цэргийн аргаар өөрчлөх оролдлого хийвэл яах вэ. Украины баримталдаг бодлогын баримт бичигт Оросыг дайснаа, Крымийг цэргийн аргаар эгүүлэн авах боломжтой гэж заасан байдаг. Украиныг НАТО-гийн гишүүн болговол тус эвсэл, Оросын хооронд цэргийн сөргөлдөөн үүснэ гэсэн үг” хэмээн В.Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Москва НАТО-г дорно руу шинэ гишүүдээр хүрээгээ тэлэхийг эрс эсэргүүцэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. “Бид НАТО руу давшлаагүй, харин тус эвсэл бидэн рүү давшилж байхад Орос улс түрэмгийлэл үйлдэх гэж буй тухай мэдэгдэж байгаа нь эрүүл логикт нийцэхгүй” хэмээн тэрбээр дурджээ.
Дээрх хэвлэлийн бага хурлын үеэр Э.Макрон “Европын тогтвортой, аюулгүй байдлын шинэ дэг журмыг баталгаажуулахын тулд бид хамтран ажиллахыг эрмэлзэж байна. “Ирэх хэдэн өдөр шийдвэрлэх үе байх бөгөөд эрчимтэй яриа хэлэлцээ болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр “Орос, Францын байр суурь өөр байгаа тул үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Украин (болон Гүрж)-ийг хүлээж авахгүй байхыг Орос улс НАТО-гоос шаардсаныг тус эвсэл болон Зүүн Европын орнууд эрс эсэргүүцсэн. НАТО-д нэгдэх, эсэхээ тусгаар тогтносон улсууд өөрсдөө шийдэх ёстой” гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Владимир Путин, Эммануэль Макрон нар Францын Ерөнхийлөгчийг Киевт айлчилсны дараа утсаар ярихаар тохиролцсон байна. Тэд сүүлийн хоёр жилд анх удаа биечлэн уулзсан нь энэ юм. В.Путин, Э.Макрон нар хамгийн сүүлд 2019 оны зун уулзсан бөгөөд тэр үед Францын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчийг зуны өргөөндөө хүлээн авсан билээ.
В.Путин, Э.Макрон нартай зэрэгцэн Украины эргэн тойрны үйл явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Германы Канцлер Олаф Шольц нар Вашингтонд хэлэлцсэн байна. Уулзалтын дараа О.Шольц “Орос Украинд цохилт өгсөн тохиолдолд Өрнөдийн орнуудаас авах хориг арга хэмжээ маш хатуу байх бөгөөд Герман энэ чиглэлээр холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж мэдэгджээ.