Хөгжиж буй орнууд Хятадаас зээл их авах болсон нь олон Засгийн газарт хэт ачаалал үүсгэж, өрөө төлж чадахгүйгээ зарлах, эсвэл өрийн бүтцээ шат дараатай өөрчлөх эрсдэлтэй тулгарч байна. Хятадын зээлийн гол ялгаа нь төрийн өмчит банкны нэрийн өмнөөс олгосон, зээлдэгчийн нууцыг чанд сахих, өрөө олон нийтэд мэдээлэхгүй нууцаар зохицуулдаг зэрэгт оршино. Үүний зэрэгцээ Хятадын зээлийг төлөх чадваргүй болох тохиолдол Парисын клубийнхээс илүү их гардаг гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд тооцоолжээ.
Сүүлийн 20 жилд Хятадын Засгийн газар болон “Export-import Bank of China”, “China development bank” зэрэг төрийн өмчит банканд гадаад зээлийн 75 хувь нь ногддог, томоохон зээлдэгчид нь хөгжиж буй орнууд бөгөөд өрийн ямар дарамт учирдаг нь тодорхойгүй байдаг гэнэ. Цар тахлын эхэн үед өрийн дарамтаа хөнгөрүүлэх эрхтэй болсон 73 орны талаас илүү нь санхүүгийн хувьд хүндрэлтэй хэвээр байна. Хятадаас авсан зээлийн бүтцээ Африкийн олон орон, Куба, Ирак, Казахстан, Киргизстан, Украин, Тажикистан, Венесуэл зэрэг улс өөрчлүүлсэн гэнэ.