“Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнд тэсвэртэй байдлаа дээшлүүлэхийн тулд ОХУ-ын хийсэн зүйл нь байгалийн хий нийлүүлэлтийн тасалдлыг даван туулах чадавхаа сайжруулахаар Европын Холбооноос авч хэрэгжүүлснээс хавьгүй их юм” гэж Европын Холбоо, АНУ-ын Эрчим хүчний зөвлөлийн хурлын өмнөхөн тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель блогтоо бичжээ. Европын Холбоо хийн стратегийн нөөцтэй болж, Европын комиссоос зөвлөсний дагуу гишүүн орнууд хамтран байгалийн хийн худалдан авах боломжийг нэн даруй авч үзэхийг тэрбээр уриалав.
Киевийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Москвагийн эсрэг эдийн засгийн онц хүнд хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа Брюссель болон Вашингтон сүүлийн саруудад мэдэгдсээр буй. Тэд тодорхой мэдэгдэл хийхгүй байгаа ч хориг арга хэмжээ авбал ОХУ Европт хий нийлүүлэхээ зогсооход хүргэж болзошгүй гэж Европын Холбооны гишүүн олон улс эмээж байна.
Дэлхийн хийн үнийн хямрал тус холбоонд хэдийн хүндээр туссаныг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. “Дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаас болж эрчим хүчний үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр Европын Холбооны орнуудад хийн үнэ жилийн өмнөхөөс 6-10 дахин өндөр байгаа нь цахилгааны үнэд ихээхэн дарамт учруулж байна” гэж Ж.Боррель тэмдэглэв. Түүний хэлснээр үнийн ийм өсөлт нь өнгөрсөн онд евро бүсийн инфляцыг эрс өсгөсөн бөгөөд уг хандлага энэ онд ч үргэлжлэх бөгөөд коронавирусийн цар тахлын дараах сэргэлтэд ноцтой нөлөөлж болзошгүй.
“Москва өнгөрсөн хугацаанд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд эрчим хүчний нөөцөө хэдийн ашигласан. Сүүлийн долоо хоногт Орос улс зөвхөн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж байгаа ч төрийн өмчит “Газпром” компани нь Европын хийн агуулахуудыг дүүргэхийн тулд нэмж түлш илгээхээс татгалзаж, Европын Холбооны зах зээлийн тогтворгүй байдлыг улам даамжруулж байна” гэж Ж.Боррель онцолжээ.
Европын Холбоо урт хугацаандаа ногоон эрчим хүч рүү шилжих замаар асуудлаа шийдвэрлэхээр зорьж буй гэнэ. Гэхдээ ойрын хугацаанд Брюссель Европ руу байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх замаар цэнхэр түлшний импортын тогтвортой байдлыг хангахаар төлөвлөж байна. “АНУ энэ чиглэлээр хэдийн Европын хамгийн том нийлүүлэгч болсон бөгөөд ойрын саруудад хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлаа хангахын тулд бид хамтын ажиллагаагаа эрчимжсэн байна” гэж Ж.Боррель мэдээлэв. Шингэрүүлсэн хий нийлүүлэх талаар Азербайжан, Алжир, Катар, Норвегтой Европын Холбоо яриа хэлэлцээ хийж буй аж.