Америкийн “Bloomberg” агентлаг “Орос Украин руу халдлаа” гэсэн ташаа мэдээлэл цахим хуудсандаа гаргаснаа удалгүй устгасан байна. Үүндээ гүнээ харамсаж байгаагаа тус агентлаг илэрхийлээд, учрыг нь тодруулж буйгаа мэдэгджээ. Ташаа мэдээлэлд гарсан баримтыг НҮБ шалгаж буй аж. Сүүлийн үед оросууд Украины нутаг дэвсгэр лүү түрэмгийлж болзошгүй тухай Өрнөдийн орнууд, түүнчлэн Украин мэдэгдэх болсон. Үүнийг үндэслэлгүй, түгшүүртэй байдлыг даамжруулсан мэдээлэл хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ. Орос улс хэнийг ч заналхийлээгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Үүний сацуу ийм мэдэгдлийг зөвтгөхийн тулд өдөөн хатгалга явуулахыг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд Украины зүүн өмнөд нутгийн хямралыг хүчээр шийдэх гэсэн оролдлого нь хамгийн ноцтой үр дагаварт хүргэхийг анхааруулсан байна.