ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Бээжинд айлчлах үеэр баталсан, Орос, Хятадын хамтарсан мэдэгдэл нь олон улсын харилцааны цоо шинэ бүтцэд шилжсэний бэлгэдэл болохыг Британийн “Daily telegraph” сонинд бичжээ. Тодруулбал, “Олон улсын байдал хурцадмал буй үед В.Путин БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Хятадын нийслэлд уулзсан нь геополитикийн шинэ эрин эхэлснийг илтгэж байна. Одооноос эхлэн АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын ноёрхлыг энгийн зүйл мэтээр хүлээж авахгүй” хэмээн тус хэвлэл онцолсон байна.
“Daily telegraph”-т бичсэнээр олон арван жилийн доромжлолын дараа Орос, Хятад өвдөг дээрээ бослоо. Хүйтэн дайнаас хойш бий болсон дэлхийн шударга бус дэг журмыг одоо эргүүлэх нь. Өнөөгийн нөхцөл байдалд В.Путин ялагч болж байна. Хятадтай холбоотой байгаа нь Орост дэлхийн улс төрийн тавцан дахь байр сууриа бэхжүүлэх боломжийг олгохын сацуу Украин руу ОХУ түрэмгийлбэл Өрнөдийн орнуудаас авч болзошгүй хориг арга хэмжээний үр дагаврыг зөөлрүүлнэ гэж уг сонины нийтлэлд тэмдэглэжээ. Тэрчлэн аюулгүй байдлын баталгааны талаар АНУ, НАТО-д тавьсан Оросын шаардлагыг Хятад дэмжиж байгааг тус хоёр улс хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэснийг Москва Өрнөдийн орнуудтай яриа хэлцэл хийхдээ ашиглаж болохыг тус сонин онцолсон байна. Хятад, Оросын ойр дотно түншлэлийн харилцаа нь Вашингтоны засаг захиргаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ гэж үзэж байсан Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдалд АНУ анхаарлаа хандуулах боломж олгохгүйг “Daily telegraph” мөн дурджээ. Цөмийн асар их зэвсэгтэй, байлдах туршлагатай ОХУ, илүү баян, олон хүн амтай Хятадыг Америкийн ноёрхох үзлийг эцэс болгох нэг зорилго холбосон гэж тус сонин дүгнэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цар тахал эхэлснээс хойш анх удаа өнгөрсөн долоо хоногийн эцсээр Бээжинд айлчилж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан юм. Тус хоёр улсын дээд хэмжээний хэлэлцээний үеэр шинэ эринд орж буй олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн тухай хамтарсан мэдэгдэл баталжээ.