Чилийн нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 1800-гаад км-ийн зайд орших Икике хотын ойролцоох Атакама цөлд хувцас, гутлын асар том уул бий болгожээ. Тэдгээрийг АНУ, Европ, Азиас дахин боловсруулахаар авчирсан ч одоо хаягдал болсон аж. Европын өмнөд ажиглалтын төвийн алдартай дурангаас хэдхэн зуун километрийн зайтай газарт шаахай, богино цамц, пальто, даашинз, малгай, усны хувцас, бээлийнээс бүрдсэн, 300 гаруй га талбай эзэлсэн нэхмэлийн хаягдал хогон уулыг сүүлийн 15 жилийн хугацаанд бий болгожээ. Икике хот дахь комиссын барааны үзэсгэлэн худалдааны үеэр ер бусын хямд буюу нэг доллароос ч бага үнээр H&M, “Pepe jeans”, “Wran¬gler”, “Nike” зэрэг брэндийн бараанаас худалдаж авах боломжтой. Жил бүр Икике боомт руу 59 мянган тонн бараа нийлүүлдгийн 40 орчим мянга нь борлогдохгүй, дахин боловсруулагдахгүй, хяналтгүй хогийн цэгт хаягддаг.
Загварын салбар байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг. НҮБ-ын мэдээлснээр тус салбар дэлхийн хүлэмжийн хийн найм, бохир усны 20 хувийг бүрдүүлдэг. Ганцхан жинсэн өмд үйлдвэрлэхэд 7500 литр ус шаарддаг бол полиэстр материалтай хувцас байгальд задрахад 200 гаруй жил зарцуулдаг байхад даавуун бүтээгдэхүүн ердөө 30 орчим сарын дараа үгүй болдог. Атакамагийн хогийн цэгүүд дэх ихэнх хувцас нь полиэстр материалтай, агаар мандалд бичил хуванцар ялгаруулдаг нь тус бүс нутаг, далайн амьтан, ургамалд ноцтой нөлөөлдөг. Нутгийн эрх баригчид эдгээр хогийн цэгт жил бүр түймэр гардагт санаа зовж байгаа бөгөөд энэ нь тэнд ажиллаж буй цагаачдын уушги өвчлөх эрсдэлийг ихэсгэдэг аж.