Өмнөд Хятадын тэнгист ер бусын өрсөлдөөн эхэлжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин живсэн “F-35C” сөнөөгч онгоцоо хятадуудаас өмнө олж авах шаардлагатай байна. Хамгийн сүүлийн үеийн, 100 сая долларын өртөгтэй уг онгоц өнгөрсөн долоо хоногийн эхээр нисэх онгоц тээгч “USS Carl Vinson” хөлөг онгоцноос хөөрч чадалгүй далайд унасан юм. Энэ нь төвийг сахисан усанд болсон осол тул нууц тоног төхөөрөмж суурилуулсан онгоцыг түрүүлж авсан талын хувьд хууль ёсны олз болох аж.
Онгоц яг хаана живсэн, татаж гаргахад хэр хугацаа шаардахыг америкчууд тодруулаагүй байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхлээр нь өөрийнх гэдэг ч 2016 онд Гаагийн олон улсын шүүх Бээжингийн нэхэмжлэлийг хууль бус гэж үзсэн билээ.
Хятадууд живсэн онгоцонд хүрэхийг маш их хичээнэ гэдэгт цэргийн мэргэжилтнүүд итгэлтэй байна. Америкчуудын хувьд онгоцыг өргөж чадах, аврах хөлөг онгоц нь дор хаяж арав хоногийн зайтай байгаа бололтой. “Онгоцны хар хайрцгийн зай хураагуурууд дуусаж, олоход хэцүү болох тул энэ нь хэтэрхий урт хугацаа” гэж батлан хамгаалахын зөвлөх Эби Остин хэлэв. Түүний тайлбарласнаар “F-35” нь үндсэндээ байлдааны ажиллагаанд оролцогчдоос мэдээлэл хүлээн авч, боловсруулаад, буцааж мэдээлэл өгдөг нисдэг компьютер аж. Хятадад ийм технологи байхгүй, хэрэв тэд уг онгоцыг авбал үсрэлт хийж магадгүй гэнэ.
“F-35С” нь нислэгийн үеэр мэдээлэл цуглуулж, бодит цаг хугацаанд дамжуулдаг, дайсны агаарын орон зайд радарт “баригдалгүй” ажилладаг, цагт 1900 км хурдалдаг, дэлхийн сөнөөгч онгоцнууд дундаа хамгийн хүчтэй хөдөлгүүртэй, гаднаа хоёр, их бие дотроо дөрвөн пуужин тээх чадалтай аж.
Далай ёроолоос сөнөөгч онгоцыг өргөхийн тулд Америкийн тэнгисийн цэргийн инженерүүд хийлдэг дэрийг их биед нь бэхэлж, дараа нь аажмаар агаараар дүүргэж, хөвөх боломжтой болгох арга хэрэглэж магадгүй. Эс бөгөөс 16 тонн жинтэй онгоцыг хэдэн хэсэг хуваавал байдал илүү хүнд болох аж.
1974 онд, хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын төв газар тусгайлан бүтээсэн хөлөг онгоцны тусламжтайгаар Хавайн арлуудаас 3000 километрийн зайтай газар зургаан жилийн өмнө живсэн Зөвлөлтийн шумбагч “К-129” онгоцыг таван километрийн гүнээс гаргаж байсан түүх бий. 1972 онд Хятадын арми эрэг орчимд нь живсэн Британийн “Посейдон” шумбагчыг нууцаар гаргаж байжээ. Үүнээс гадна 2011 онд Осама бин Ладеныг устгасан ажиллагааны үеэр Пакистанд осолдсон Америкийн нууц нисдэг тэргийг Хятад улс олж авсан гэж цэргийнхэн үздэг.
Живсэн нисэх, эсвэл хөлөг онгоцыг газрын гадарга дээр гаргасан дээд амжилтын гүн нь 5638 метр гэнэ. Ийм гүнд Америкийн цэргийн тээврийн нисэх онгоц Филиппиний тэнгист живснийг 2019 онд гаргаж байжээ. Онолын хувьд АНУ-ын арми живсэн “F-35С” онгоцыг гаргахгүй, харин устгаж магадгүй гэж ВВС мэдээллээ.