Европын аюулгүй байдлын чиглэлээр ОХУ-ын тавьсан саналын хариуг АНУ бичгээр өглөө. НАТО-г зүүн тийш тэлэхгүй, Украиныг гишүүнээр элсүүлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг Москва шаардсан ч тус эвслийг нээлттэй хаалганы зарчим баримталсаар байхыг Вашингтон цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен мэдэгдэв.
Хэлэлцээ хийх боломж үлдээхийн тулд АНУ Орост өгсөн хариугаа нийтлэхгүйг Э.Блинкен тэмдэглэв. Гэсэн ч түүний хэлснээс үзвэл уг баримт бичигт Вашингтоны өмнө нь олон удаа хэлж байсан мэдэгдлүүд багтжээ. “Орос ямар хариу өгөхөөс шалтгаална. Байдал яаж ч эргэсэн бид бэлэн. Асуудлыг дипломат арга замаар шийдэхийг илүүд үзнэ” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Оросын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын дипломатчуудын дэвшүүлсэн зарим санал Вашингтоны хариуд багтсан гэнэ. Тодруулбал, цөмийн зэвсгийн зохицуулалт, цэргийн сургуулилалт, давшилтын зэвсэглэлийг байрлуулах талаар ил тод байдлыг нэмэгдүүлэхийг санал болгосон. Уг баримт бичгийг Украин болон Америкийн НАТО-гийн холбоотон орнуудтай тохиролцсон гэж Төрийн департаментын тэргүүн онцолжээ.
“Энэ бол албан ёсны хэлэлцээний баримт бичиг биш, бас шууд санал ч биш, зүгээр л бид хамтдаа, хамтын аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлж болох талаар зарим санааг тусгасан” гэж тэрбээр хэлэв.
АНУ-тай зэрэгцэн НАТО аюулгүй байдлын талаарх саналаа Орост бичгээр илэрхийлжээ. “Бид үндсэн зарчмуудынхаа талаар буулт хийхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн бөгөөд тэдгээрийн нэгд ямар ч улс сонголт хийх эрхтэй гэж заасан байдаг. НАТО элсэх хүсэлтээ гаргасан Украин шиг, эсвэл нэгдэхгүй гэсэн Финланд, Швед шиг ямар ч улсын шийдвэрийг хүндэтгэдэг” гэж Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн байна.
ОХУ аюулгүй байдлын асуудлаар Өрнөдийн орнууд, тэр дундаа АНУ, НАТО-гийн гишүүдтэй энэ сарын дунд үеэс хойш цуврал хэлэлцээ хийсэн. Хамгийн сүүлд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Швейцарын Женев хотод энэ сарын 21 -нд уулзсан билээ.