Жулиан Ассанж өөрийг нь АНУ-д шилжүүлэн өгөх тухай Лондоны Дээд шүүхийн шийдвэрийг Британийн Дээд шүүхэд эсэргүүцэх эрхтэй болов. Одоогоор зөвхөн давж заалдахыг зөвшөөрсөн ч, хүсэлтийг нь хэлэлцэх баталгаа алга.
Бодит байдал дээр энэ нь шүүх эцсийн шийдвэр гаргах хүртэл илүү олон сар шаардагдана гэсэн үг юм. Ямартай ч энэ нь Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг хойшлуулах боломж олгож байгаа аж. АНУ-д түүнийг төрийн нууц олж мэдэн, задруулахыг завдсан хэрэгт буруутгасан юм. Түүний үүсгэн байгуулсан “WikiLeaks” цахим хуудсанд дипломат захидал харилцаа, цэргийн мэдээлэл зэрэг АНУ-ын Засгийн газрын олон мянган нууц баримт бичиг нийтлэгдсэний дараа 2010, 2011 онд түүнийг ийхүү буруутгасан юм. Ж.Ассанжийг шилжүүлэн өгөхгүй гэсэн өмнөх шийдвэрийг эсэргүүцэн Лондонгийн дээд шүүхэд АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард давж заалдаад, заргаа авсан билээ.
Тэрбээр 2019 оноос хойш Британийн шоронд хоригдож байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Британийн шүүх түүний аюулгүй байдлын талаарх АНУ-ын баталгаа хангалтгүй гэсэн үндэслэлээр тус улсад шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Тодруулбал, Ж.Ассанжийн өмгөөлөгчид удаан хугацаагаар хоригдсон болон сүүлийн жилүүдэд болсон үйл явдлаас үүдэн үйлчлүүлэгчийнх нь сэтгэл санааны байдал түгшүүртэй болсныг мэдэгджээ. Тэд түүнийг амиа хорлож болзошгүй гэсэн ч Америкийн тал ийм ямар ч нотлогоо олоогүй. Үүний дараа шилжүүлэн өгөх ёстой хүн бүр амиа хорлох хандлагатай гэдэг жишиг тогтохыг Британийн шүүгчдэд АНУ-ын албаны хүмүүс анхааруулсан байна.