“Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Үүний дагуу нийслэл, орон нутгаас 428 хүүхдийг хэдийн шалгаруулж, нэрийг нь зарласан. Гэсэн ч тэднийг хэрхэн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах нь өдий хүртэл тодорхойгүй. Тэтгэлэгт шалгарсан ч хэрхэхээ мэдэхгүй оюутнуудаас манай сонинд хандсан юм.
Жишээ дурдъя. Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан нэгэн оюутан өнгөрсөн намар их сургуульд элсжээ. Гэтэл энэ сарын эхээр сургуулиас нь хасаж, МУИС-д шилжүүлэн суралцуулахаар болсон гэх мэдээлэл өгсөн байна. Тэрбээр МУИС-д бүр сурахаар болсон уу, эсвэл түр үү гэдгээ ч ойлгоогүй аж. Бас сургуулиасаа хасаг даж, юу ч үгүй хоцрон, нэг жил суралцах хугацаагаа алдах юм биш биз гэж эргэлзэхэд хүрчээ. Холбогдох албаныхан болон МУИС-иас ч энэ талаар дорвитой мэдээлэл өгөөгүй юм байна.
Ойлгомжгүй, тодорхойгүй уг нөхцөл байдлын талаар энэ сарын 13-нд Боловсрол, шинжлэх ухааны яамныхнаас тодруулахад “Бидэнд тодорхой мэдээлэл алга. Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуу” гэсэн. “Боловсролын асуудал салбарын яамны хажуугаар өнгөрнө гэж баймааргүй сэн, уг нь. Эсвэл та нарын ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын газрынхан хийдэг болчихоо юу” гэхэд ч тэд “Мэдэхгүй” хэмээв. Уг өдрийн маргааш нь Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдоход “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавла. Тус яамныхан хариуцан хэрэгжүүлж байгаа” гэлээ. Ийнхүү тэтгэлгийн талаар аль аль нь тоймтой хариулт өгч чадсангүй. Нөхцөл байдал ийм байхад хүүхдүүд юу ч мэдэхгүй, ойлгохгүй байх нь аргагүй биз ээ.
Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд 275 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам баталжээ. Уг журамд зааснаар бол сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний гэсэн хоёр хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн оюутан Төрийн тэргүүний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангах юм. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд хэвлэлийн бага хурал хийж, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” тэтгэлгийг хэрэгжүүлж эхэллээ” хэмээн мэдэгдсэн. Ингээд уг тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийн нэрийг олон нийтэд танилцуулсан билээ. Өмнө дурдсанаар тэд хоёр хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор сум, хороондоо тэргүүлсэн аж.
Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийн нэрийн жагсаалтыг гаргасны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхны “драм” эхэлсэн. Хүүхдүүдийг төрийн, төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр сургах атал Төрийн тэргүүн өөрөө бүх зардлыг нь гаргаж буй мэтээр хэтийдсэн пиар хийн, Тамгын газрынхан нь хот, хөдөөгүй явсан нь саяхан. Тэд хүүхдүүдтэй уулзаж, “Ерөнхийлөгчийн захиа, даалгавар” хэмээх сүржин бичиг гардуулж, Ерөнхийлөгчийн зурагтай жааз бэлэглэв. Улмаар зарим хүүхдийн гэрт нь очиж, ээж, аав, эмээ, өвөөтэй нь уулзаж, уйлуулсан. Хамгийн увайгүй үйлдэл нь энэ бүхнээ дүрс бичлэгт буулгаад, олон нийтийн сүлжээгээр цацсан нь өдгөө ч хадгалагдан үлдсэн байгаа. Үндсэндээ нэрийг нь зарласан хүүхэд бүрийг гадаадын их, дээд сургуульд оруулчихсан мэт л хөөрцөглөсөн. Түүгээр зогсохгүй тэтгэлэгт хамрагдах болзол хангасан хүүхдүүд өөрсдөө, тэдний гэр бүлийнхэн ч гадаадын их, дээд сургуульд сурахаар болчихсон мэт ойлгож байв. Ийм буруу ойлголт олон нийтийн дунд одоо ч байсаар буй.
Угтаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүх хүүхдийг “арын хаалгаар” гадаадад сургах боломжгүй учраас тэд тодорхой хэмжээний шалгуур, шаардлагыг давах, хангах, биелүүлэх учиртай нь мэдээжийн хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамд зааснаар бол уг хөтөлбөр нь хоёр үе шаттай. Нэгдүгээрт, тэтгэлгийн болзол хангасан буюу сум, хорооноосоо шилдгээр шалгарсан хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээл үзнэ. Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж, гадаадын их, дээд сургуулиас урилга авсан тохиолдолд суралцах эрх нь нээгдэх нь. Тэр дундаа дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах хүүхдийн тоо 50 байна гэж журамлажээ. Тэгэхээр өөдрөгөөр бодоход, 50 хүүхэд шилдэг 100-гийн аль нэгт нь суралцах боломжтой. Үлдсэн 300 гаруй хүүхдийн хувьд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадын аль нэг сургуульд суралцах боломж бий. Мэдээж тухайн сургуулийн шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд л суралцах эрхтэй болно. Харин хэн нэгэн эрх мэдэлтэн шууд элсүүлэх боломжгүй.
Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутнуудын мэдээлснээр бол тэднийг МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамруулахаар болсон гэнэ. Ингэхдээ өдгөө суралцаж буй сургуулиас нь нэрийг нь хасуулсан аж. Энэ та лаар журмын 3.6-д “Гадаад хэлний болон ерөнхий суурь хичээлийн агуулгыг багтаасан тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, тусгай зөвшөөрөл олгоно” гэж заажээ. Бэлтгэл хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогтоос тодруулахад “Манай сургууль зөвхөн бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тал. “200 гаруй хүүхдийг танай сургуульд хуваариллаа, бэлтгэ” гэсэн чиглэлийг “дээрээс” өгсөн. Түүний дагуу энэ долоо хоногоос бэлтгэлийг нь эхлүүлэх гэж байгаа. Хамрагдах оюутнуудад хоёр долоо хоногийн өмнө мэдээлэл өгсөн” гэсэн юм. Хэрэв бэлтгэлд хамрагдсан хүүхдүүд гадаадын их, дээд сургуульд тэнцэхгүй бол МУИС-д үргэлжлүүлэн суралцаж бо-лох, эсэхийг лавлахад “Энэ талаар сайн мэдэхгүй” гэв. Харин ШУТИС-ийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Юутай ч МУИС-иас бэлтгэл хөтөлбөрийг удахгүй эхлүүлэх нь. Харин оюутнууд уг хөтөлбөрөө амжилттай дүүргэж чадахгүй бол яах вэ гэдэг нь өдгөө ч “оньсого” хэвээр аж. Тодруулбал, дэлхийн шилдэг их сургуулиудад хүссэн хүн бүр элсэх боломжгүй. Ялангуяа элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр хичээлийн дүнгийн дундаж оноогоор зөвхөн сум, хороондоо тэргүүлсэн хүүхдүүдийг элсүүлэх бүр ч хэцүү. Боловсролын тэгш бус байдал манай улсад газар авсан болохоор эхний ээлжид шалгарсан оюутнуудын мэдлэгийн түвшин янз бүр байгаа. Сурлагын түвшин нь нийтээрээ ядмаг сум, хорооноос арай дөнгүүр нэг нь шалгарчихсан тохиолдол ч бий. Бас тэдэнд бэлтгэх хугацаа тун бага буюу ердөө нэг улирал л байгаа. Гэтэл дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах хүүхдүүд наанадаж 2-3 жил, цаашлаад нэгдүгээр ангиасаа эхлэн бэлтгэж, гадаад хэл тууштай үзэж байж зорилгодоо хүрсэн жишээ олон бий. Ийм учраас Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн хүрээнд гэнэт тодруулсан хүүхдүүдийн олонх нь гадаадын их, дээд сургуульд элсэх магадлал тун бага юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд, тэдний эцэг, эхчүүдэд дэмий итгэл найдвар төрүүлж, суралцах нэг жилийг нь “хулгайлаад” зогсохгүй, эцэст нь “Оюутнууд өөрсдөө хичээгээгүй. Сайн сураагүй. Сургуульдаа тэнцэж чадаагүй” гээд орхиж ч болзошгүй. Ерөнхийлөгчийн тэтгэлэг нэртэй будилаан олон хүүхдийг уйлуулах магадлалтай гэсэн үг.
Хэрэв бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргээгүй бол хэрхэх талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн, эсэхийг тэтгэлгийн болзол хангасан оюутнаас тодруулахад “Улсын зургаан сургуульд дүйцүүлж суралцуулна гэсэн” хэмээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын 3.10-т “Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэж чадаагүй иргэдийг дотоодын төрийн өмчийн их, дээд сургуульд хувийн хөрөнгөөр үргэлжлүүлэн суралцах боломжоор хангана” гэж заажээ. Тодруулбал, дэлхийн шилдэг их, дээд сургуульд оруулж чадахгүй юм гэхэд дотоодын их, дээд сургуульд яаж ийгээд “шургуулчихна” гэсэн утга бүхий заалтыг журамдаа тусгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал “Бүх хүүхдэд тодорхой мэдээлэл өгсөн. 428 хүүхдээс 160 нь МУИС, 90 гаруй нь ШУТИС-д, бусад нь өөр сургуульд элссэн. Олонх нь МУИС, ШУТИС-д элссэн учраас уг хоёр сургуульд төвлөрүүлэн бэлтгэхээр болсон. Одоо хүүхдүүдийг бэлтгэх нэг л улирал үлдсэн учраас хичээлийг маш шахуу явуулах шаардлагатай. Тиймээс хүүхдүүд бэлтгэлийн хажуугаар сургуульдаа сурах боломжгүй. Хэрэв гадаадын сургуульд тэнцэхгүй бол МУИС, ШУТИС, өмнө нь суралцаж байсан сургуульдаа ч үргэлжлүүлэн сурч болно” гэсэн юм.
Дотоодын төрийн өмчийн их, дээд сургуульд хэнийг ч, яаж ч оруулж болдгийн жишээ энэ. Уг нь дотоодын сургуулиудад элсэх гэж сурагчид 12 жил суралцаж, багагүй хугацаанд бэлтгэсний дараа элсэлтийн ерөнхий шалгалт өгч, оноогоороо улсын хэмжээнд өрсөлдсөнөөр эрх авдаг бус уу. Харин эрх мэдэлтнүүдэд бол хууль, журам үйлчилдэггүй бололтой.
Бэлтгэсэн М.Оч