Зэвсэгт хүчний салбарт яргалал, хүчирхийлэл, дүрмийн бус харилцаа газар авсныг нийгэм даяараа шүүмжилж буй. Үүнийг батлах шиг тус салбарт ар араасаа асуудал гарсан. Мөн ХЭҮК-оос эл асуудлын мөрөөр эвсэгт хүчний байгууллагад хүний эрхийн шалгалт хийсэн. Гэхдээ өнөөдөр энэ талаар бичихгүй. Уг асуудлыг арилгахаар ямар ажил зохион байгуулсныг Зэвсэгт хүчний жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямбаас тодрууллаа. Учир нь ЗХЖШ-аас оны өмнө офицер, ахлагч нараас түвшин тогтоох шалгалт авсан билээ.
-ЗХЖШ-аас нийт бие бүрэлдэхүүний дунд түвшин тогтоох шалгалт явуулсан. Ямар үр дүн гарсан бэ?
-2021 оны төгсгөлд Зэвсэгт хүчний нийт офицер ахлагч нарын дунд түвшин тогтоох шалгалт явууллаа. Үүний гол зорилго нь нийт алба хаагчдын албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга бат, хариуцлага, бие бялдар, сэтгэл зүйн түвшин ямар байгааг бүх талаас нь тогтоох юм. Бид энэ түвшин тогтоох шалгалтын дүнд үндэслэн цаашдаа офицер ахлагч нараа хөгжүүлэх, төлөвшил сахилга хариуцлага албандаа хандах хандлагыг дээшлүүлэх бодлогын тодорхой чиглэлүүдээ гаргана.
-Өмнө нь түвшин тогтоох шалгалтыг авч байгаагүй хэрэг үү?
-Нэлээд олон жилийн өмнө шалгалт авч байсан. Тодорхой хэлбэл, нэг жилд нь офицерийн, дараа жил нь ахлагч нараас түвшин тогтоох шалгалт авсан. Үүнээс хойш зургаа, долоо жил өнгөрсөн байна. Тиймээс бодит түвшинг тогтоох байдлаар сэргээн явуулсан. Цаашид эл ажлыг гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулна.
-Гол нь ямар үр дүн гарсныг дэлгэрэнгүй яриач.
-Нийт бие бүрэлдэхүүний 80 орчим хувь нь сайн үнэлгээтэй гарсан. Өөрөөр хэлбэл, цаашдаа ажил албаа үргэлжлүүлэх боломжтой. 20 хувьд нь тодорхой үүрэг даалгавар өгсөн. Ур чадвар хүрэхгүй, боловсролын түвшин доогуур нэг хэсэг байсан. Зарим нь бие бялдар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гарлаа. Тодорхой хувь нь ёс зүйн сахилга хариуцлага алдсан, алдаа дутагдалтай гарсан. Бид цаашдаа ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад илүү анхаарна. Уг шалгалттай холбоотойгоор шат дараалсан ажил зохион байгуулж байна. Тухайлбал, бие бялдрын шалгалтад тэнцээгүй алба хаагчдад зургаан сарын үүрэг өгсөн. Зургаан сарын дараа дахин шалгалт авч, зэвсэгт хүчинд үлдэх, эсэхийг шийднэ.
-Ёс зүйгүй алба хаагчдаа яах вэ?
-Нэлээд олон сорилуудаар түвшин тогтоох шалгалт авсан. Тухайлбал, олон улсад хэрэглэж буй аргуудаар сэтгэл зүйн сорил авлаа. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар өөрсдөө нийгмийн нэг хэсэг шүү дээ. Нийгмийн амьдралд оролцоод явж буй нэг эд эс нь. Тэд нийгмийн харилцаанд орох явцад сөрөг үйл явдлууд болж стресст орох тохиолдол ажиглагдаж байна. Мөн ар гэрийн болон нийгмийн харилцаанд үүссэн асуудлаа ажил хэрэг дээрээ илэрхийлж гаргаж ирдэг. Үүнээс болоод ямар нэгэн сахилгын болон харилцааны зөрчил гаргаж байна. Тэгэхээр сахилга хариуцлагын доголдол гаргасан, хариуцлагагүй үйлдэл гаргасан офицер, ахлагч нартаа холбогдох хууль дүрэм, ялангуяа цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцож байгаа. Гэхдээ маш цөөн хувь нь ийм асуудалд холбогдсон.
-Сайдын зөвлөлд энэ асуудлаа танилцуулах уу?
-Уг шалгалтыг сайдын тушаалаар авсан. Тиймээс эргэж танилцуулж, дараагийн түвшин тогтоох шалгалт буюу гурван жилийн хугацаанд бид энэ чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулах вэ гэсэн төлөвлөгөөгөө хэлэлцүүлж батлуулах юм. ЗХЖШ уг шалгалтын үр дүнд суурилж, засаж залруулах төлөвлөгөө боловсруулсан.