АНУ Балканы хойгийн хямралыг шийдвэрлэх шинэ стратеги боловсруулав. Энэ нь Косовогоос эхэлсэн тус бүс нутгийн тогтворгүй байдлыг зогсооход чиглэжээ. Ингэснээр Балканы бусад асуудлыг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгоно гэж бодлого боловсруулагчид найдаж байна. “Коммерсант” сонины дипломат эх сурвалжуудын мэдээлснээр Америк шинэ стратеги боловсруулсан нь тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа Балканы үйл хэрэгт илүү идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг илтгэж буй аж.
“Хямралаас ойр дотно харилцаатай болох хүртэл: Балканы тогтворгүй байдлын эх үүсвэртэй тэмцэх стратеги” гэсэн баримт бичгийг Жон Хопкинсын их сургууль болон Вильсоны төвийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Эл стратеги нь тус бүс нутгийн өнөөгийн хурцадмал байдлыг намжаагаад зогсохгүй Балканы хойгт Орос, Хятадын нөлөө улам бүр нэмэгдэхээс сэргийлэх гэнэ. Балканы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олж авсан мэдээллээс үзвэл дээрх стратегийн гол үзэл баримтлал нь 30 гаруй жил үргэлжилсэн Югославын задралыг анх эхэлсэн газар болох Косовод нь зогсоох шаардлагатайд оршино. Мөн тус бүс нутгийн хэд хэдэн хямралыг нэг зэрэг шийдвэрлэхийн оронд тогтворгүй байдлын гол эх үүсвэр болох, Өрнөдийн хууль дүрмийг эсэргүүцдэг Сербид анхаарлаа төвлөрүүлэхийг уг баримт бичигт тусгажээ.
Үүний тулд АНУ-ын засаг захиргаа хэд хэдэн үндсэн чиглэлээр ажиллах гэнэ. Юуны түрүүнд, Косовог хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа Грек, Испани, Кипр, Румын, Словак гэсэн Европын таван улсыг нааштай шийдвэр гаргахад нөлөөлөх нь. Удаад нь Сербийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх явцад байр суурийг нь бэхжүүлэхийн тулд Косовог НАТО-д хурдан элсүүлэхийг дэмжинэ. Гуравдугаарт, “агуу Серби”, “агуу Албани” улс бий болохоос сэргийлэх зорилгоор Косовогийн хойд Сербийг тус улсын газар нутагт нэгтгэхэд туслах гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Америкийн “Harry Truman” хөлөг зуу орчим нисэх онгоц, 5000 тэнгисийн явган цэргийн хамт Адриатын тэнгист очжээ. Уг хөлөг онгоц өчигдөр Газар дундын тэнгист эхэлсэн НАТО-гийн “Нептун 22 довтолгоо” цэргийн сургуулилалтад оролцож байна. “Америкчууд улс төрийн идэвхээ нэмэгдүүлэхийг хүссэн үедээ нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц хэлбэрээр олон мянган дипломатчийн хүчтэй тэнцэх нотолгоо бий болгодог” гэж цэргийн шинжээчид мэдэгджээ.