Өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагууд нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Үүнийг тэд хэнээс ч хамаарахгүйгээр сайн дурын үндсэн дээр хийдэг. Хийсээр ч буй.
Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хоёр хуулийн төслөөс иргэний нийгмийнхнийг эсэргүүцэж буй хоёр зүйл заалтын талаар товч өгүүлье.
Нэгдүгээрт “Үндэсний зөвлөл” байгуулахыг, хоёрдугаарт “Холбоо, сан” гэсэн хоёрхон ангилалд иргэний нийгмийнхнийг багтаах гэсэн оролдлогыг тэд эсэргүүцэж байна.
“Үндэсний зөвлөл” хараат бус байж чадах уу?
Төр иргэний нийгмээс ил, тод байдлыг шаардах нь зөв. Гэхдээ сайн, муу үйл ажиллагааг нь дүгнэх зөвлөл байгуулж, түүнийг нь Ерөнхий сайд баmламжлахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Яг одоогийн Монголын жишгээс харахад, хэзээ ч үндэсний зөвлөл хараат бус байгаагүй. МҮОНРТ-д Олон нийтийн үндэсний зөвлөл, Авилгатай тэмцэх газарт мөн Олон нийтийн зөвлөл болон Төрийн том уул уурхайн компаниудад иргэдийн төлөөллийг энд иш татаж болох юм.
Бодит байдал дээр энэ нэрийн дор улс төрийн хамаарал бүхий этгээдүүд нуугдаж байдаг. Үүнээс улбаалж, сүүлийн жилүүдэд дандаа намаас, төрөөс санхүүждэг хамаарал бүхий халаасны төрийн бус байгууллагууд “Амьд үлдэж”, бусад нь буланд шахагдсаар ирсэн.
Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэний нийгмийг дэмжих есөн хүний бүрэлдэхүүнтэй “Үндэсний зөвлөл” гэгчийг Засгийн газрын дэргэд байгуулахаар заажээ. Тэр нь төрийн бус байгууллагыг байнгын хяналтандаа байлгаж, юу хийх, хаашаа явахыг нь зааж зааварлах юм гэнэ.
Уг нь буланд шахагдсан иргэний нийгэм нь төр засгаа тэнцвэржүүлж, буруу бодлогыг засаж байдаг ардчиллын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Дээрх зүйл заалт нь иргэний нийгмийг төр өөрийнхөө хяналтад оруулж, улмаар иргэний нийгмийг төрийн байгууллага болгосноос ялгаагүй хэрэг болж байна. Өөрөөр хэлбэл “халааслах оролдлого” хийж байна гээд хэлчхэд буруутахгүй биз.
Хоёрхон ангилалд багтахаар жижиг салбар биш
Өөр нэг эсэргүүцэж байгаа зүйл заалтын талаар товч өгүүлье. Төрийн бус байгууллагуудыг холбоо эсхүл сан бол гэж байгаа нь үйл ажиллагааг нь хазаарласан зохицуулалт болж байна. Энгийнээр хэлэхэд, спортод сагс, хөлбөмбөг гэх мэтчилэн олон төрөл байдаг шиг иргэний нийгмийг янз бүрийн төрийн бус байгууллага бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг бодлогын чиглэлийн төрийн бус байгууллагатай хольж хутгаж болохгүйтэй адил.
Мэдээж нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байдаг нь үнэн. Иргэний нийгэм гэдэг нэрийн дор нийгмийн сайн сайханд харш үйл ажиллагаа явуулж буй халаасны төрийн бус байгууллагууд байж л байдаг. Тэднийг Засгийн газар бүртгэлжүүлж, өөрийн дата мэдээлэл дээрээс шүүж, ил болгох шаардлагатай. Харин нийгмийн сайн, сайхны төлөө эвлэлдэн нэгдсэн төрийн бусынхныг хоморгод нь өртүүлэх хэрэггүй.
Дээрхээс дүгнэж хэлэхэд, иргэний нийгэм хэзээд төрийн оролцоогүй органикаар хөгжиж ирсэн. Иймд Үндэсний зөвлөл тэднийг зохицуулах гэх нь иргэний нийгмийг улс төржүүлж, өдийг хүртэл хамгаалж ирсэн утга агуулга, үнэ цэнийг дордуулах санаархлаа зогсоох хэрэгтэйг энд хэлье. Мөн төр, иргэний нийгмийнхийг холбоо эсхүл сан бол гэж байгаа нь сагсчныг хөл бөмбөгийн багт тоглуулахтай ижил зүйл юм.