Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүрэг өсгөж байгаа цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь улмаар Ханбогд сумынхан. Ханбогд суманд сүүлийн арван жилд хонин сүргийн тоо тогтмол өссөн. 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүрэг бий болгожээ. Өдгөө уг сүргийн толгой 8400-гаас давж, нийт малын 35.4 хувийг эзэлсэн байна. Цөм сүргийн буюу гавилууд хонины амьдын жин 34-72 орчим кг, илүү нугаламтай, чацархаг, цээжний заалтаар бусад үүлдэр омгоос илүү, мах нь амт чанар сайтай аж. Түүнчлэн дээр дурдсан улаан ямаанууд нь маш нарийн ширхэг бүхий цагаан ноолууртай, бие томтой, махны гарц сайтай юм байна. Малыг цөм сүрэгт бүртгэн баталгаажуулах нь ашиг шимийг нь нэмэгдүүлэх, нийт малын үүлдэр угсааг сайжруулахад дөхөм болдог төдийгүй үржлийг зөв хийснээр илүү олон малын үүлдрийг сайжруулж улмаар түүхий эдийн гарцыг өсгөн, эдийн засгийг дэмжих хөшүүрэг болдог аж.
Бэлтгэсэн С.Дулам