Хууль тогтоогчид Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэхээр удахгүй хэлэлцэж эхлэх байх. Тус хуулийн төсөл дэх “Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даана. Харин үлдсэн 50 хувийг малчдаар өөрсдөөр нь төлүүлнэ” гэсэн заалтыг УИХ-ын гишүүд, ялангуяа орон нутгаас сонгогдсон нь зөв, зүйтэй хэмээн сайшааж батлах гэх вий. Энэ заалт нь малчдын бэлэнчлэх сэтгэлгээг улам давраасан, тэдний “толгойг илсэн”-тэй адил хөнгөвчилсөн арга хэмжээ гэдэгтэй санал нийлэх нь олон байх буй за.
Малчид олон янз. Мянгат, хоёр, гурав, дөрвөн мянгат малчин байхад, 200, 100, бүр 50 хүрэхгүй малтай нь ч бий. Мөн олон малтай айлын ажлаас хийлцэж, зохих хөлс авч амьдардаг гэр бүл олон. Эдгээрийг хууль тогтоогчид эрхбиш ялгаж, салгах байх. Харин ойлголтыг хуульд тэр хэрээр ялгаатай тусгахын оронд нэлэнхийд нь малчин гэсэн нэр, томьёонд хамруулан авч үзэх нь өрөөсгөл мэт. Мал гэдэг бол малчдын хөрөнгө чинээ буюу мөнгө нь. Тэдний орлого ч, ашиг ч билээ. Тийм болохоор бусадтай адил хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явдаг тэр хүмүүсийг тусад нь авч үзэх, “өршөөх” гэх нь ямар үндэслэлтэй юм бол. Мэдээж байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгал, нөхцөлтэй манай орны хувьд ган, зудын гачланг тооцох нь ойлгомжтой. Тэдгээрээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан харж, шаардлагатай үед зохицуулалт хийх зэргийг хуульд уян хатнаар суулгаж өгөх нь ч гарцаагүй болов уу. Түүнээс биш малчин л бол нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс дааж, үлдсэн 50 хувийг малчид өөрсдөө төлнө гэж яагаад ч юм бусдаас илүү боломж олгох нь шударга бус санагдана.
Нийгмийн даатгалын хуулийг 1995 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 30-аад нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Тухай бүрт хийсэн засвар үр дүнгээ өгсөн гэж үзэх байх. Гэхдээ асуудалтай. Улс төрийн шалтгаанаар юм даа, сонгууль угтсан жилүүдэд хөдөөгийнхний “саналыг хураах” зорилго бүхий элдэв оролдлого хийсээр ирсэн нь үнэн билээ. Жишээ нь, нөхөн төлбөр хэмээх ойлголт, механизм байна. Өмнө нь үндсэндээ нийгмийн даатгалын шимтгэл огт төлдөггүй байсан хүн Нөхөн төлбөрийн хуулийг ойлгомогцоо хэдэн саяар нь өгснөөр, олон жил ажиллаж, шимтгэл тогтмол төлж ирсэн иргэнээс илүү тэтгэвэр авдаг болчихсон нь цөөнгүй. Үүнийг байж болох юм гэж бодъё. Гэтэл өдгөө төрүүлсэн хүүхдэд ногдуулах жилийн нэмэгдлийн нийлбэр гэдэг үзүүлэлт дээр тоглогч олон болж. Улсад болон хувийн хэвшлийн байгууллагад нэг ч жил ажиллаагүй хэрнээ тэтгэврийн насны 10 хүртэлх жил “цуглуулчихсан” эмэгтэйчүүд энд тэндгүй байна. Зөвхөн үүн дээр тогтоод бодоход нийгмийн даатгалын бодлого гээч нь хүн ам зүй, нийгмийн харилцаа, улсын хөгжилд ямар чухал үүрэгтэйг харж болохоор. Хуулийн орчны энэ мэт арга хэмжээ, өөрчлөлт, заалтын эргэн тойронд ямар гээчийн үр дагавар ар, араасаа хөвөрсөөр өнөөдөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрс дундлаад байгааг ч бодолцох ёстой.
Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах заалтын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Малчид бол манай нийгмийн 30 хувийг бүрдүүлдэг томоохон бүлэг. Тэдний нийгмийн хамгаалал төр, засгийн нуруун дээр яалт ч үгүй байгаа учраас халамжийн тэтгэмж өгч байхаар нийгмийн даатгалын шимтгэлд хамруулаад, албан ёсны бусад үр шимийг хүртээх нь чухал байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байхад үйлдвэрлэлийн ослын тэтгэмж авдаг. Ажлаа хийж байгаад гэнэтийн осолд өртвөл мөн тэтгэмж олгодог. Малчдын хувьд ажлын байр нь бэлчээр, малын хот байдаг. Мориноос унах нь үйлдвэрлэлийн ослын тоонд орно” гэж ярьжээ.
Малчдын ажлын байр нь бэлчээр, малын хот гэдэг нь үнэн. Гэхдээ монголчууд хэдэн мянган жилээр мал аж ахуй эрхэлж ирсэн, одоо ч тэр л маягаар хөдөлмөрлөж буй. Ийм онцлогтой ард түмэн. Энэ ялгааны талаар хууль санаачлагчид, боловсруулагчид нягт нарийн бодож үзсэн, эсэх нь тун эргэлзээтэй болов. Мориноос унах нь үйлдвэрлэлийн осол бөгөөд тэр бүрийд тэтгэмж авах юм бол энэ сан гээч нь хөрөнгөтэй байх уу. Бага насны хүүхэд мориноос унахад юман чинээ тоодоггүй, уламжлал гээд орхидог хэрнээ малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг даатгалын санд бусдын оруулсан хөрөнгөөс гаргуулах болохоороо гэнэт тун энэрэнгүй болчих нь зохистой юу. Эмнэг булгиулж байгаад шидэгдсэн залуучууд бас л “Үйлдвэрлэлийн осолд орлоо” гээд тэтгэмжийн дэвтэр бариад гүйх үү. Хууль гэдэг нь амьдрал, харилцааг зохицуулах цаасан дээрх зураг гэж ойлгодог. Монгол ахуй, амьдралын онцлог, хэв шинжийг цаасан дээр буулгаж үзчихээд төсөл болгон хэлэлцүүлэхээр өргөн барих нь оновчтой.
А.Ариунзаяа сайд сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зөвхөн өндөр насанд үр шимийг нь хүртдэг юм биш. Үр шимийг өдөр тутамдаа хүртэж байх ёстой. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжүүд авдаг. Хүнд маш энэрэнгүй ээлтэй систем шүү. Хүмүүс өнөөдөртөө үр шим хүртэхгүй байгаа учраас хэрэггүй гэж боддог нь буруу. 2020 онд 665 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас нийт 2.4 их наяд төгрөгийн тэтгэмж, тэтгэвэр авсан. Өндөр насны тэтгэвэр бага хувийг эзэлж байна” хэмээн ярьсан байна билээ. Энэ их мөнгийг хэн бүрдүүлдэг вэ. Бид, та, бүгд хөдөлмөрлөж байж тушаадаг. Гэтэл яагаад өөрсдийн сонголтоор мал маллах ажил эрхэлж буй малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг миний, таны төлсөн мөнгөнөөс гаргуулах гээд байгаа юм бэ. Шударга уу.
Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд юу гэж ярьж байна вэ. “Малчдад нийгмийн даатгалд хамрагдах хөшүүрэг хэрэгтэй юм билээ. Жишээ нь, 2017 онд банкууд малчдад зээл өгөхдөө нийгмийн даатгал төлдөг, эсэхийг нь харгалзаж байсан юм. Тэр үед бүгд даатгал төлж байсан. Мөн сумын, аймгийн, улсын “Сайн малчин”-ы болзолд нийгмийн даатгал төлдөг байх ёстой гээд оруулчихаар маш хурдан амжуулж байв. Тэд мөнгөтэй. Нөхөн даатгал хийлгэнэ гээд нэг мөр жилээр нь дөрвөн сая гаруй төгрөг төлдөг хүн олон. Өөрт нь ашигтай бол хөдөлдөг, үгүй бол хойш суудаг нь монгол хүний төрөлхийн араншин бөгөөд малчдад илүү илэрдэг юм болов уу. Магадгүй боловсрол нимгэнийх байж ч болох юм. Олон малчин “За яах вэ, хоёр, гурван оюутны сургалтын төлбөр төлж байхад нийгмийн даатгал ч яамай байна. Тэгж байтал нэг л өдөр хуулиа өөрчлөөд, ямар нэгэн боломж гаргаад ирнэ. Тэр үед нь л болъё” гэж ярьдаг нь ч байдаг” хэмээж байлаа. Энэ яриан дунд Монголыг махаар, цагаан идээгээр хангагчдын үнэн төрх сүрхий тодорч байгаа биз. Малчид үнэхээр Монголыг мах, цагаан идээгээр хангадаг. Тэглээ гээд тэднийг орчин цагт хуулийн гадна үлдээх ч юм уу, эрх зүйн хөнгөлөлт эдлүүлэх гэх нь өрөөсгөл мэт бөгөөд шударга бус хэрэг хэмээн бодном.
Хэн нэгний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах тэнхээтэй юм бол зах хязгаар нутагт ажиллаж буй багш, эмч нарыг хамруулсан нь ирээдүйд оруулах томоохон хөрөнгө оруулалт болох буй за.
УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй Нийгмийн даатгалын багц таван хуулиас анхаарал татсан ганцхан заалтын тухайд авч үзэхэд ийм байна.
Энэхүү багц хуулийн тухайд ерөнхий мэдээлэл өгье. Багц гэдэгт Ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга багтаж буй.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх, тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороодыг ажиллуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тооцдог болгох зэрэг зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрх хэвээр хадгалагдаж, эрх ашиг нь зөрчигдөхгүй юм байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор өнөөгийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалжээ. Мөн ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэх, даатгуулагчийг ажлын байранд нь тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар гурван жил тутамд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр заажээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг тухайн сангийн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас багагүй байхаар, тэтгэвэр авагчид протез, ортопедын жишиг үнийг гурван жил тутамд 100 хувиар даатгалын сангаас олгохоор, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагч хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлал үүсгэх, түүнээсээ хөрөнгө оруулалт хийх талаар тусгажээ.
Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах нөхцөл бүрдэж, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болох нь. Түүнчлэн төлсөн шимтгэлтэй уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох шударга аргачлалыг нэвтрүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж түргэн шуурхай, ил тод, нээлттэй болох гэнэ.